УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ “Алсын хараа-2050” урт хугацааны бодлогын баримт бичгийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өнөөдөр өргөн барилаа.
“Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого нь суурь 9 зорилго, хөгжлийн 50 зорилттой бөгөөд 10 жилээр буюу 2050 он хүртэл 3 үе шаттайгаар зорилт тус бүрийн чиглэлийг төлөвлөсөн байна. Эдгээрийг хэрэгжүүлснээр “Монгол улс 2050 он гэхэд байгаль, хэл, хил, соёлоо тогтвортой хадгалсан, нийгмийн болон эдийн засгийн хөгжлөөрөө тэргүүлэгч орон болох” алсын харааг дэвшүүлжээ. “Алсын хараа-2050” бодлогын баримт бичгийн зөвхөн “Бүсчилсэн хөгжил” гэсэн 8 дахь зорилтыг боловсруулахын тулд аймаг, орон нутгийн санал болон өнгөрсөн 30 жилийн хугацаанд энэ талаар хэрэгжүүлсэн төсөл, хөтөлбөр, бодлогын баримт бичгүүд зэрэгт үндэслэн Үндэсний хөгжлийн газар, бүс нутгийн шинжлэх ухааны эрдэмтэн, судлаач зэрэг 500 орчим хүнийг хамруулсан байна.
Үүний үр дүнд Монгол Улс цаашид 6 макро бүстэй байхаар төлөвлөж байгаа бөгөөд нутаг дэвсгэрийг Зүүн, Говийн, Алтайн, Баруун, Хангайн, Улаанбаатарын гэсэн 6 бүсэд хуваан тусгасан байна.
Төслийг боловсруулахдаа төрийн болон төрийн бус байгууллагууд, мэргэжлийн болон судалгааны байгууллагуудын шинжээч, их, дээд сургуулийн багш нар, эрдэмтэн, судлаачид гээд нийт 1500 гаруй хүнийг 8 чиглэлээр хамруулж, 8 сарын турш хамтарч ажиллажээ.