АНУ-ын Пенсильваниа мужийн Аллентаун хотноо мэргэжлийн боксын WBC холбооны 57,2 кг-ийн жингийн дэлхийн аварга “Мистер” хочит Бага Гэри Рассель цолоо хамгаалах тулаанаа IBO холбооны дэлхийн аварга, манай “King Tug” Нямбаярын Төгсцогттой ирэх сарын 8-нд хийх гэж байна.
АНУ-ын үндэсний SHOWTIME суваг уг тулааныг шууд дамжуулан үзүүлэх аж.
Эдүгээ 31 настай, мэргэжлийн рингэнд 31 тулаан хийхдээ ганцхан удаа ялагдсан, 2015 оноос хойш WBC-ийн дэлхийн аварга цолоо дөрвөн удаа хамгаалаад байгаа Гэри Рассель, мэргэжлийн боксын рингэнд 11 тулаан хийж, бүгдэд нь ялалт байгуулсан 27 настай манай Төгсөө нарын тулаан боксын ертөнцийн анхаарлыг маш их татаж байна.
АНУ-д ажиллаж, амьдардаг Монголчууд ч Аллентаунд олноороо очиж Төгсцогтыгоо уухайлан дэмжихээр зорьж байгаа аж.
Энэ үдэш WBA холбооны 55,4 жингийн дэлхийн аваргын төлөө Кубын Гильермо Ригондо-Венесуэлийн Либорио Солис нар мөн тулалдана.