УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай УЕП-ын саналыг баасан гаригт УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороо хэлэлцээд "Түдгэлзүүлэх нь зүйтэй" гэж шийдвэрлэсэн билээ. Дэд хорооны таван гишүүний хэд нь ийм санал өгсөн эсэх тодорхойгүй ч хамгийн багадаа 2/3-ын саналаар шийдвэр гаргах ёстой гэдгийг Дэд хорооны дарга Ц.Нямдорж өмнө нь мэдээлсэн.
Халдашгүй байдлын дэд хорооны хуралдааны өмнө УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж, прокурорын үндэслэлийг сонссон авч уг асуудлаар шийдвэр гаргаж чадалгүй завсарласан билээ. Харин одоо Дэд хорооны шийдвэр нэгэнт гарсан тул өнөөдөр бүлгийн хуралдааны төгсгөлд уг асуудлаар МАН-ын бүлэг дахин саналаа нэгтгэх юм байна. Ингээд асуудлыг маргааш УИХ-ын Төрийн байгуулалт, Хууль зүйн байнгын хорооны хурлаар оруулж, нэгдсэн чуулганаар хэлэлцэн шийдвэрлэх бололтой. Товчхондоо УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын хувь заяа өнөөдөр МАН-ын бүлгийн хуралдааны төгсгөлд шийдэгдэнэ гэсэн үг.
Өнгөрөгч баасан гаригт хуралдсан бүлгийн хуралдаан дээр УЕП Б.Жаргалсайхан Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналаа танилцуулсан авч түдгэлзүүлэх болсон үндэслэлээ хангалттай нотолж чадаагүй тухай бүлгийн гишүүд ярьж байсан. Харин Н.Номтойбаяр гишүүн өөрийн биеэр бүлгийн хуралдаанд оролцож, УЕП-ын танилцуулсан үндэслэл тус бүр дээр няцаалт хийж, хариулж өгсөн аж. УЕП-ын хувьд "мөрдөн шалгах ажиллагааны нууц" хэмээгээд бүлгийн гишүүдэд тодорхой хариулт өгөөгүй юм байна.
Баасан гаригт хуралдсан Халдашгүй байдлын дэд хорооны хуралдаан дээр УЕП-ын "нууцалсан" баримтууд яригдсан эсэх нь тодорхойгүй ч Дэд хороо Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх шийдвэрийг нэгэнт гаргаад байгаа. Мөн МАН-ын дарга У.Хүрэлсүх намын бүлгийн хуралдаан оролцохдоо Н.Номтойбаярыг өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөхийг сануулсан гэх мэдээлэл ч бий. Үүнээс улбаалаад "МАН-ын бүлэг Н.Номтобаярыг явуулахаар санал нэгдсэн" гэх мэдээлэл тараад байна. Тийм байр суурьт хүрсэн эсэх нь өнөөдөр МАН-ын бүлгийн хуралдааны төгсгөлд тодорхой болох юм.
Сануулахад, байнгын ажиллагаатай парламент бий болсноос хойших 28 жилийн хугацаанд УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлж байсан ганцхан тохиолдол бий. Тэр нь 1998 онд С.Зориг агсны амь насанд халдсан хэргээр Ардчилсан холбоо эвслийн гурван гишүүнийг бүрэн эрхийг нь түдгэлзүүлсэн билээ. Гэвч хожим тэдгээр гишүүд уг хэрэгт холбогдолгүй нь тогтоогдож, татвараас нуугдсан, өмдний тэлээ бэлгэнд авсан гэх мэт хэргээр ял сонссон. Нэг нь цагдан хоригдож байх эдгэшгүй өвчин тусч, хорихоос суллагдсан дариудаа нас барсан.
Үүнээс хойш УИХ нэг ч гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлсэн шийдвэр гаргаж байсангүй. Өдгөө МАН-ын дарга У.Хүрэлсүхийг "Хадгаламж банкны 14 тэрбумаар казино тоглосон" хэргээр шалгуулж байхад Халдашгүй байдлын дэд хороо "Бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх шаардлагагүй" хэмээн шийдсэнээс болж УИХ-ын гишүүний "бүрэн эрх"-тэйгээ хамт хоёр шатны шүүхээс ял сонсч байлаа. Хэрвээ УДШ хяналтын шатанд түүний хэргийг буцаагаагүй бол тэрээр "бүрэн эрхтэйгээ" хамт шорон луу ачуулах байв.
Гэвч энэ удаа МАН-ын дарга өнгөрсөн гурван жил гаруйн хугацаанд МАН-д хаяглагдсан бүх муу муухайг Н.Номтойбаяртай хамт "ачуулахаар" шийдсэн бололтой.
Б.ЗАЯА
Сэтгэгдэл (1)