УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороо гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай Улсын ерөнхий прокурорын саналыг хэлэлцэж шийдвэрээ гаргажээ. Дэд хорооны гишүүдийн олонхийн саналаар УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх шийдвэр гаргасан байна.
УИХ-ын Халдашгүй байдлын дэд хорооны дарга Ц.Нямдорж:
-"Прокурорын санал нууцын зэрэглэлтэй, мөрдөн байцаалтын нууцлалтай байгаа учраас хаалттай хуралдаж, шийдвэр гаргалаа. Нэг талаас Н.Номтойбаяр гишүүнийг тойрсон хардлага сэрдлэг их байгаа, нөгөө талаас албан тушаал нь гишүүнийг шалгахад саад болж байна гэх байр суурь байгаа учраас түдгэлзүүлж байгаад шалгуулаад нэрээ цэвэрлээд авчихвал гээд ийм шийдвэр гаргалаа.
Ерөнхий прокурор дотор нь байгаа асуудлаар нарийн мэдээлэл өгөхгүй байгаа. Нэг зүйл дээр гишүүд санаа зовниж байгаа. Гол асуудлаа шалгахгүй тойроод явчих вий. Нөгөө талаас, ерөнхий прокурор санал оруулж ирсэн учраас үүнийхээ хариуцлагыг цаашдаа хүлээх байх" гэсэн байна.