Өнөөдөр МАН-ын бүлгийн ээлжит бус хуралдаан болж, саяхан завсарлалаа. Тус бүлгийн хурлаар УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг хэлэлцлээ. Хуралд гомдол гаргасан УЕП Б.Жаргалсайхан болон Н.Номтойбаяр гишүүн оролцож тайлбар өгчээ.
Н.Номтойбаяр гишүүний хувьд өөрийг нь буруутгаж буй үндэслэлүүдийн эсрэг нотлох баримт бүхий тайлбар өгсөн байна. Харин УЕП-ын зүгээс "хэргийн мөрдөн шалгах ажиллагаа нууцын зэрэглэлтэй" гэдэг шалтгаанаар гишүүдэд дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөөс татгалзжээ.
Бүлгийн хаалттай хуралдаанд МАН дарга У.Хүрэлсүх оролцож бөгөөд гишүүн Н.Номтойбаярт хандаж "Өөрөө өргөдлөө өгөөд шалгуулсан нь дээр юм биш үү" гэдэг асуудлыг тавьсан байна. Харин Н.Номтойбаяр гишүүн бүлгийн хурлын өмнө "Би сайн дураараа бүрэн эрхээсээ татгалзахгүй" гэдгээ тов тодорхой хэлсэн билээ.
Одоо 15:30-аас УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хороо хуралдаж уг асуудлыг хэлэлцэнэ. Дэд хорооны хурлын дараа Бүлэг дахин хуралдаж эцсийн шийдвэрээ гаргах юм байна.