УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлаар МАН-ын бүлэг хуралдаж байна. Н.Номтойбаяр гишүүн намын бүлгийн хуралдаанд орохын өмнө сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
Тэрээр өөрийгөө хууль зөрчсөн үйлдэл хийгээгүй учраас сайн дураараа бүрэн эрхээсээ татгалзах асуудал байхгүй гэв. Мөн хоёр өдрийн өмнө УИХ-ын дарга асан Г.Батхүү агсны гэр бүлийн зүгээс хийсэн мэдээллийн талаар ямар байр суурьтай байгааг асуухад "Намайг хүн амины хэрэгт гүтгэхээр зориуд санаатай зохион байгуулж байна. Талийгаачийн хүү нь Өвөрхангайд, дүү нь Дорнодод ч билүү нэр дэвших юм гэсэн. Түүнтэй л холбоотой байх" гэв.
Харин түүнийг УИХ-ын гишүүнээс түдгэлзүүлэх санал тавиад байгаа прокурорын үндэслэлийн тухайд "Маш тодорхой гурван зүйл байгаа. Нэгдүгээрт ХНХ-ын сайд байхдаа ХЭДС-гийн асуудал дээр хууль зөрчсөн гэдэг асуудал тавьж байгаа. Би энэ талаар өмнө нь хангалттай ярьсан. Тийм зүйл байхгүй. Хоёрдугаарт "худал мэдүүлэг өгсөн" гэх хэрэг байгаа. 4,5 сая төгрөгийн ялтай, эсвэл зургаан сар зорчих эрхийг хязгаарлах ялтай зүйл анги бий. Би өөрийн санаачилгаар цагдаагийн байгууллага дээр полиграф тестэнд хоёр удаа орсон, хоёуланд нь 80-90 хувьтай үнэн гэж гарсан. Тийм байхад яагаад "худал мэдүүлэг өгсөн" гэж яллаад байгааг би ойлгохгүй байна. Гуравдугаарт би өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 12-нд надтай холбоотой шалгаж буй асуудлаар хэвлэлийнхэнд мэдээлэл хийсэн. Би өөрийгөө өмгөөлөх, нотлох баримтыг шалгуулах эрхтэй. Тэр дагуугаа цагдаагийн байгууллага ажлаа хийгээч ээ гэдэг шаардлага л тавьсан. Гэтэл түүнийг маань "Хэрэг бүртгэлийн ажиллагаанд саанд учруулсан, нууц задруулсан" гээд дахиад хэрэг үүсгэсэн" гэв.
Мөн тэрээр өөрийг нь Г.Батхүү агсны үхэлтэй холбогдуулан гүтгэж байгаа асуудлаар цагдаагийн байгууллагад гомдол гаргаад байгаа гэдгээ хэллээ.
Бүлгийн хуралдаан дууссаны дараа УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороо хуралдаж, уг асуудлыг эцэслэн шийдвэрлэх юм.