УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг өнөөдөр УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны хурлаар эцэслэн шийднэ.
Тус хорооны хурал өчигдөр хуралдсан боловч Ч.Улаан сайд томилолттой гэдэг шалтгаанаар дахин хойшилсон юм.
ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан гадаадад томилолтой, өөрийн биеэр ирж амжихгүй тул саналаа бичгээр ирүүлсэн гэх мэдээлэл байсан боловч дэд хорооны дарга, сайд Ц.Нямдорж "Бичгээр санал өгнө гэж байхгүй. Ч.Улааныг ирэхээр энэ асуудлыг хэлэлцэж шийдвэр гаргана. Зайлшгүй байх шаардлагатай" гэсэн юм.
Сайд Ч.Улааны томилолт дуусч өнөөдөр ирэх бөгөөд уг асуудлыг өнөөдөртөө багтаад шийдвэрлэх аж. Учир нь ирц бүрдэхгүй байгаагаас тус хорооны хурал хэд хэдэн удаа хойшлоод байгаа.
Энэ сарын 16-ны өдөр УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан УИХ-д хүргүүлсэн билээ. Хуулийн дагуу гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг УИХ 48 цагийн дотор хэлэлцэн шийдвэрлэх ёстой байдаг. Гэвч хуульд заасны дагуу дэд хорооны бүх гишүүд 100 хувийн саналаар шийдвэр гаргах ёстой аж.
Харин дэд хорооны хуралдааныг нээлттэй явуулах хүсэлт гаргасан Н.Номтойбаяр гишүүнээс хурлын талаар тодруулахад "Надад мэдэгдэж, зар ирүүлээгүй. Намайг дуудахгүйгээр хуралдахгүй байх" гэжээ.