Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайханы саналын дагуу УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг Халдашгүй байдлын дэд хороо өнөөдөр хэлэлцэхээр товлосон байсан ч гадаадад томилолттой яваа дэд хорооны гишүүн Ч.Улаан, Д.Лүндээжанцан нарыг ирсний дараа хэлэлцэхээр хойшлуулжээ.
Хуулийн дагуу УЕП-оос ирүүлсэн саналыг УИХ 48 цагийн дотор хэлэлцэн шийдвэрлэх хуультай дэд хорооны гишүүдийн хоёр нь гадаадад томилолттой байгаа тул асуудлыг хуулийн хугацаанд нь шийдэх боломжгүй болж байна. Мөн өнөөдөр УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр "Дэд хороо хаалттай хуралдвал би хуралдаанд оролцохгүй" хэмээн мэдэгдсэн билээ. Харин Дэд хорооны дарга Ц.Нямдорж энэ тухай "Н.Номтойбаяр гишүүний хүсэлтийг хүлээж авах боломжгүй. УЕП-оос асуудлыг нууцын зэрэглэлтэйгээр оруулж ирсэн учраас нээлттэй хэлэлцэх боломжгүй" гэв.
Мөн УЕП Б.Жаргалсайхан "УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хороо шийдвэрээ гаргахаас нааш Н.Номтойбаяр гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх үндэслэлийг хэлэх боломжгүй" гэсэн байна.