УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг өчигдөр прокурорын байгууллагаас УИХ-д хүргүүлсэн билээ. Өнөөдөр өглөө уг асуудлыг хэлэлцэхээх УИХ-ын Халдашгүй байдлын дэд хорооны хурлыг 09.00 цагт зарласан ч гишүүдийн ирц хүрээгүй шалтгаанаар хуралдаан хойшлоод байна.
Халдашгүй байдлын дэд хороо таван гишүүнтэй бөгөөд Ц.Нямдорж, Ө.Энхтүвшин, Н.Энхболд нар хуралдаанд иржээ. Дэд хорооны гишүүн Д.Лүндээжанцан Австралид болж буй Ази, Номхон далайн орнуудын парламентын 28 дугаар чуулганд оролцож, гишүүн Ч.Улаан гадаад томилолттой яваа юм байна.
УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг дэд хороо 48 цагийн дотор хэлэлцэн шийдвэрээ гаргах ёстой тул хуралдааныг гурван гишүүнтэйгээр явуулах тухай яригдаж байна. Гэвч хуульд заасны дагуу дэд хорооны бүх гишүүд 100 хувийн саналаар шийдвэр гаргах ёстой. Тиймээс гурван гишүүнтэй хуралдах нь хууль зөрчсөн асуудал болох юм.