Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өчигдөр үдээс хойш хуралдаж, гурван асуудал хэлэлцэн шийдвэрлэжээ.
Хуралдааны эхэнд гишүүн Х.Болорчулуун нарын 24 гишүүний өргөн мэдүүлсэн Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Зөрчлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв.
Дараа нь Оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж, төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх ажлын хэсгийн танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Н.Оюундарь танилцуулсан юм.
Хууль санаачлагч оюуны өмч бүтээхийг урамшуулах, хамгаалах, үнэлэмжийг өсгөх, эдийн засгийн эргэлтэд оруулах, үйлдвэрлэлд нэвтрүүлэх, оюуны өмчийн эрхийн үнэлгээ, эдийн засгийн эргэлтэд оруулахад төрөөс үзүүлэх дэмжлэг зэргийг төсөлд тусгасан.
Ажлын хэсэг хоёр удаа хуралдсан бөгөөд төслийн нэрийг өөрчлөх, оюуны өмчийн байгууллагын тогтолцоо, чиг үүргийг тодорхойлж өгснөөс гадна хүн амын төвлөрөл ихтэй орон нутагт Оюуны өмчийн газрын хэлтэс, тасгийг орон нутагт байгуулах боломжийг нээх асуудлыг төсөлд тусгах нь зүйтэй гэж үзсэн байна.
Байнгын хорооны хуралдааны төгсгөлд Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийв.
Төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн ажлын хэсгийн танилцуулгыг УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Н.Оюундарь танилцуулав. Ажлын хэсэг гурван удаа хуралдсан байна.
Хүний эрхийн Үндэсний Комисс нь улсын төсвөөс санхүүжигдэх бөгөөд комиссын дарга төсвийн төслийг УИХ-ын даргад хүргүүлж, Хууль зүйн байнгын хороогоор хэлэлцээд, улсын төсөвт нэгтгүүлэхээр төсвийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагад хуульд заасны дагуу хүргүүлэх зохицуулалтыг төсөлд тусгах нь зүйтэй хэмээн үзсэн байна.
Комисс таван гишүүнтэй байх, жендэрийн тэнцвэрийг харгалзах, мөн эрүү шүүлт хариуцсан гишүүнтэй байх, эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх механизм, үндэсний үйл ажиллагаа хэмээх бүлэгт уг үйл ажиллагааг эрхэлсэн гишүүний чиг үүрэг бүхий бүрэн эрх, түүнд мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэх мэргэшсэн нэгжийн тухай тодорхой тусгах нь оновчтой хэмээн холбогдох зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудыг боловсруулжээ.
Комиссын гишүүний сонгон шалгаруулахдаа Хууль зүйн байнгын хороо ажлын хэсэг байгуулан, 15 хоногийн дотор сонгон шалгаруулалтыг явуулах бөгөөд хамгийн өндөр оноо авч тэнцсэн иргэдээс сул орон тоогоор нэр дэвшүүлнэ гэж, ийнхүү нэр дэвшсэн иргэнийг Хууль зүйн байнгын хороо болон Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэхээр тусгасан байна.
Комиссын ажлын албыг Тамгын газар болгох гэх зэрэг асуудлыг төсөлд тусгахаар зарчмын зөрүүтэй 23, найруулгын шинжтэй 2, дагасан хуулийн төслийн талаарх 1 саналыг тус тус бэлтгэн томъёолсон байна.
Ажлын хэсгийн ахлагчийн уг танилцуулгатай холбогдуулан асуулт асуух шаардлагагүй хэмээн гишүүд үзсэн тул зарчмын зөрүүтэй саналын томьёолол нэг бүрээр санал хураалт явуулан шийдвэрлэсэн юм. Тухайлбал, төслийн 8 дугаар зүйлийг “8.1.Комисс үйл ажиллагаандаа Монгол Улсын Үндсэн хуульд заасан зарчмаас гадна дараах зарчмыг баримтална:
8.1.1. хүний эрх, эрх чөлөөг дээдлэх;
8.1.2. хүртээмжтэй байх;
8.1.3. шудрага, ил тод байх;
8.1.4. хараат бус, бие даасан байх.” хэмээн өөрчлөн найруулахыг Хууль зүйн байнгын хорооны гишүүд дэмжив. Мөн төслийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсгийн “гурван гишүүнтэй” гэснийг “таван гишүүнтэй” гэж өөрчилж, 12.3 дахь хэсгийн “Улсын Их Хурлын” гэснийг хасаж, 12.4 дэх хэсгийн “Байнгын хороонд” гэсний өмнө, 12.6 дахь хэсэг, 32 дугаар зүйлийн 32.4 дэх хэсгийн “Байнгын хороо” гэсний өмнө “Хууль зүйн” гэж тус тус нэмэх нь зүйтэй хэмээн гишүүд дэмжлээ.
Ийнхүү зарчмын зөрүүтэй саналуудаар нэг бүрчлэн санал хураалт явуулан шийдвэрлэсний дараа төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов.
Эх сурвалж: УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс