Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг мөрдөн шалгах ажиллагаанаас оргон зайлсан хэмээн зарлаж, эрэн сурвалжилж буй тухай мэдээлэл Цагдаагийн ерөнхий газрын албан ёсны цахим хуудаст нийтлэгдсэнээс хойш багагүй хугацаа өнгөрөөд байна.
Харин Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг үүнийг "гүтгэлэг" хэмээн нэрлэв. Ерөнхий сайд асан өөрийн фэйсбүүк хуудастаа "Гүтгэлэг бүхэнд хариулт өгнө. Зугтаасан гэх зохиолтой жүжиг хэзээ дуусах вэ? Өмгөөлөгчөөрөө дамжуулж тогтмол хууль хүчний байгууллагатай холбоотой ажиллаж байгаа. Улс төрийн зохиомол жүжгийн гол дүр нь болж хэлмэгдэх ёстой бол төрийн хамгаалалт нь хамт явж байгаа. Эхлээд та бүхэн шаардлагын дагуу шалгалтаа хийнэ үү?" хэмээн бичсэн байна.
Ч.Сайханбилэгийн ойрын эх сурвалжийн хэлснээр тэр АНУ-д яваа бөгөөд тун удахгүй Монголд ирж, албан ёсоор мэдээлэл хийнэ гэв.
Сануулахад, түүнийг Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтыг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурахдаа албан тушаалаа ашиглаж, бусдад давуу эрх олгосон байж болзошгүй хэмээн АТГ-аас мөрдөн шалгаж, яллагдагчаар татаад байгаа юм.
Түүнийг өнгөрөгч оны дөрөвдүгээр баривчлан сааатуулж, хоёр сар цагдан хорьсоны эцэст шүүхийн шийдвэрээр батлан даалтад гаргасан байна. Мөн өнгөрсөн наймдугаар сард өмгөөлөгчөөрөө дамжуулан шүүхэд хүсэлт гаргаж, “гэр бүлийнхээ гишүүнийг гадаадад эмчлүүлэх шаардлагатай болсон” гэжээ. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх уг хүсэлтийг хүлээн авч хилийн хоригийг нь цуцалсан байна.