ХХААХҮ-ийн сайд Ч.Улааныг огцруулах тухай тогтоолын төслийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барьсан талаараа УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж өнөөдөр мэдээлэл хийлээ.
Сайд Ч.Улааныг огцруулах гурван үндэслэлийг тогтоолын төсөлд тусгасан байна. Тухайлбал, махны үнэ унаж, малчдын орлого багассан, махны үйлдвэрүүд доголдсон, Хятадын үйлдвэрийг дэмжсэн нь түүнийг огцруулах эхний үндэслэл болсон гэв.
Өнгөрсөн оны есдүгээр сараас өнөөдрийг хүртэл бог мал 20-30 мянган төгрөг, бод мал 200 мянган төгрөгөөр үнэ буурчээ. Үүний үндсэн шалтгаан нь БНХАУ-руу малын мах экспортод гаргах үйлдвэрийн квоттой холбоотой гэдгийг УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж мэдээллээ. Монгол Улсад 130 гаруй махны үйлдвэр байдаг ч зөвхөн 12 үйлдвэрт мах экспортлох зөвшөөрөл олгосон байна. Ингэснээр, махны үйлдвэрүүд авлига өгч энэхүү квотыг авдаг ба дийлэнх нь Хятадын үйлдвэр байгаа аж. Энэ тухайд Б.Пүрэвдорж гишүүн:
-“Махны үйлдвэрүүд зөвшөөрөлтэй 12 үйлдвэрийн квотыг ашиглан махаа экспортлох хүсэлт гаргадаг. Тэдгээр үйлдвэр нь авилга өгч квот авсан тул нэг кг мах тутамд 12 юанийн төлбөр нэмж авдаг. Тухайлбал, Адууны мах нэг кг нь 5000 төгрөг байх ч түүн дээр 4800 төгрөгийн төлбөр нэмдэг. Иймээс махны үйлдвэрүүдийн ашиг багасч, малчдын махны үнийг унагаах замаар энэ мөнгийг төлж байна” гэлээ.