УИХ-ын баасан гаригийн чуулганаар Иргэдийн тэтгэвэр барьцаалсан зээлийг төрөөс нэг удаа төлөх тухай хуулийг баталлаа. Санал хураалтад оролцсон гишүүдийн 79.5 хувийн саналаар хуулийн төсөл батлагдав.
Уг хуулиар дараах зохицуулалтуудыг хийсэн байна:
- Зургаа хүртэл сая төгрөгийн зээлтэй иргэд зээлээ тэглүүлнэ.
- Зургаан саяас дээш төгрөгийн зээлтэй иргэдийн зээлээс зургаан саяыг нь тэглэж, үлдсэнийг нь иргэн өөрөө төлнө.
- Нэг сая төгрөгөөс бага хэмжээний зээлтэй иргэдийн зээлийн нэг сая төгрөгийн зөрүүг бондын эрхийн бичгээр буцааж олгоно.
- Тэтгэврийн зээлгүй 194 мянган иргэнд нэг сая төгрөгийн бондын эрхийн бичиг өгнө.
- Бондын эрхийн бичгийг 2021 оны 5 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн гаргана.
- Тэтгэврийн зээлгүй ахмадууд 2021 оны тавдугаар сарын 1-нээс өмнө нас барсан тохиолдол үр хүүхдэд нь бондын эрхийн бичгийг шилжүүлнэ.
- 2019 оны арванхоёрдугаар сарын 31-нээс өмнө тэтгэвэр барьцаалан зээл авсан иргэн нас барсан бол зээлийг нь тэглэнэ.
- Ахмад настан жилд нэг удаа зургаан сарын хугацаатай тэтгэврийн зээл авах эрхтэй болж байна.