Өчигдөр УИХ дахь МАН-ын бүлэг хуралдсаны дараа тус намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан мэдээлэл хийлээ. Бүлгийн хуралдаанд МАН-ын дарга У.Хүрэлсүх мөн оролцсон байна. Д.Амарбаясгалан энэ өдөр хийсэн мэдээлэлдээ,
-"МАН 2020 оны парламентын сонгуульд нэр дэвших хүмүүсээс ямар нэг байдлаар мөнгө авахгүй. Өмнө нь улс төрийн намууд тодорхой хэмжээнд мөнгөний босго тавьж, түүнийг нь хандивласан хүн нэр дэвших эрхээ олж авдаг байсан. Харин МАН энэ удаа тийм байдлаар ажиллахгүй. Сонгуулийн тойрогт нэр дэвшихийг хүссэн хүмүүс МАН-аас явуулах зохион байгуулалтын буюу суурь судалгааны ажлыг дэмжиж, өөрт оногдох зардлыг л гаргаж оролцоно. Сонгуульд нэр дэвших хүмүүсээс хөрөнгө авахгүй болсноор улс төрийн намын санхүүжилтийг илүү ил тод байх зарчим руу орж байна.
Нам сонгуульд ялсан тохиолдолд хандив өгсөн хэмжээгээр нь албанд томилох асуудлыг таслан зогсоох ёстой. Монгол ардын нам ах дүү, найз нөхдийн хүрээллээр албан тушаалд томилдог байдлаас татгалзаж, илүү хариуцлагатай, ёс зүйтэй ажиллаж чадах хүмүүсээ төрд төлөөлөл болгон ажиллуулах чиглэлийг барина. 2020 оны сонгуулийн дараа шинээр байгуулагдах Парламент, Засгийн газар, төрийн албанд өмнө нь гарч байсан алдаа дутагдал давтагдахгүй" гэв.
Өөрөөр хэлбэл МАН-ын удирдлагууд нэр дэвшигчдээ 100 сая төгрөгийн босго тавьсан АН-ын алдаан дээр тоглож эхэллээ. Мөн тус намын зүгээс өмнө явуулж байсан алдаатай бодлого, булхайтай үйл ажиллагаануудаа ч гэсэн хүлээн зөвшөөрсөн хэрэг болов. АН-ын 100 саяас болж намынх нь залуус дарга нартайгаа "алалцаж алалцаж" арай гэж намжсаны дараа МАН шархан дээр нь давс үрж байгаа хэрэг.
Гэхдээ энд нэг зүйл дутуу байна. Энэ бол улс төрийн намын санхүүжилтыг ил тод болгох асуудал. Үүний тулд аль нэг нам санаачлага гаргаад, түүнийгээ зарласнаар асуудал шийдэгдчихгүй. Хамгийн наад зах нь Улс төрийн намын санхүүжилтийн тухай хуулиа батлах ёстой. Улс төрийн намууд үл хөдлөх хөрөнгөтэй байх нь зөв юм уу, буруу юу? Үйл ажиллагаагаа хаанаас санхүүжүүлэх вэ? гэх мэтчилэн олон асуултад хариу өгөх ёстой. Тэгэхгүй нэг хэсэг нь улсын төсвийн хөрөнгөөр барилга байшин бариулж аваад түүнийгээ түрээсэлж орлого олдог, нэгээ хэсэг нь намын даргынхаа бариулсан байшинд толгой хоргоддог байвал намуудын хооронд шударга өрсөлдөөн бий болохгүй нь ойлгомжтой. Нөгөө "та шал согтуу, би гэж бүр хатчихсан" гэдэг шиг инээдэм болно биз дээ.
МАН гишүүдээсээ татвар авахгүйгээр яаж өөрийгаа санхүүжүүлээд байгаа, АН болохоор татвар аваад байгаа хэрнээ санхүүжүүлж чаддаггүй энэ тэр ч бас л эрс тэс үзэгдэл л дээ. Үүнийг гаднаас нь хараад "шударга, шударга бусын тухай" ярих, дүгнэх ч боломжгүй юм. Ядаж л орон даяар байгаа өмч хөрөнгөө үнэлүүлээд, бүртгэл тооллогод оруулж, ашиг орлогоо тайлагнаж байж "ил тод байдлын" тухай ярих эрхтэй болно.
Тэгэхээр АН-д ч гэсэн "сөрсөн базаа" хийх боломж байна. МАН-ын Монгол Улсын хэмжээнд эзэмшиж, ашиглаж байгаа бүх өмч хөрөнгө, түүнээс олдог ашиг, орлогыг эрж хайж олоод нийтэд зарлая. /Төрийн өмчит үйлдвэрийн газруудаас урсаж орж ирж байгаа мөнгийг бол яриад ч яахав/ Өөрийнхийгөө ч бас үлдээхгүй тайлагная. Тэгж ирэх сонгуульд жинхэнээсээ "шударгаар" өрсөлдөх боломж олдоно. Тэгэхгүй гэвэл МАН-ын сонгууль угтсан пиарт АН далаараа тавиулаад дуусах нь байна.
Б.ЗАЯА
|