УИХ-ын пүрэв гаригийн нэгдсэн чуулган оройн 21 цаг хүртэл цаг сунган хуралдаж, Иргэдийн тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хуулийн төслийг эхний хэлэлцүүлгийг хийлээ. Чуулганы хуралдааны өмнө УИХ-ын Эдийн засаг, Нийгмийн бодлогын байнгын хороод нэгдсэн хуралдаан хийж ажлын хэсгээс боловсруулсан тэтгэврийн зээлгүй ахмадуудад сая тгрөгийн эрхийн бичиг олгох тухай саналыг хэлэлцэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар дэмжсэн юм.
2019 оны арванхоёрдугаар сарын байдлаар тэтгэврийн зээлтэй нийт ахмад настан 229 мянга, үүнээс 21 мянга нь 6 саяас дээш төгрөгийн зээлтэй байна.
Тиймээс хуулийн төсөлд, тэтгэврийн зээлийг тэглэх дээд хэмжээ нь 6 сая төгрөг байх, тэтгэврээ барьцаалан банкнаас зээл аваагүй 194 мянган ахмад настанд Салхитын мөнгөний ордыг эдийн засгийн эргэлтэд оруулсан орлогыг барьцаалж гаргах үнэт цааснаас 1 сая төгрөгтэй тэнцэх хэмжээний нэрлэсэн үнэтэй үнэт цаас эзэмшүүлэх, 1 саяас доош төгрөгийн зээл авсан ахмад настанд зөрүү төлбөрт ногдох үнэт цаасыг эзэмшүүлэхээр тусгасан байна. Үнэт цаасыг 2021 оны тавдугаар сарын 21-ний өдрөөс эхлэн гаргана.
Мөн хуулийн төсөлд ахмад настан жилд 1 удаа 6 сарын хугацаатай тэтгэврийн зээл авах эрхтэй байхаар тусгажээ.
Сүүлийн үед хэвлэл мэдээлэл болон олон нийтийн сүлжээгээр, мөн зарим УИХ-ын гишүүдийн хийсэн "Арванхоёрдугаар сард 100 гаруй тэрбум төгрөгийн зээл гаргасан" гэх мэдээллийг Монголбанк няцаалаа. Монголбанкны мэдээллээр 2019 оны арванхоёрдугаар сард ахмад настнууд 55 тэрбум төгрөгийн тэтгэврийн зээл авчээ. Үүнийг өмнөх жилүүдийн мөн үетэй харьцуулбал, 2018 оны арвандугаар сард 91 тэрбум, 2017 оны мөн сард 63 тэрбум төгрөгийн тэтгэврийн зээл авсан байна.
Дээрх мэдээллүүдийг хийсний дараа гишүүд хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асууж, үг хэллээ.
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж:
-Зээл тэглэх асуудлыг сар шинийн баяраас өмнө шийднэ гэж байгааг дэмжиж байна. Үүний хажуугаар 194 мянган иргэнд нэг сая төгрөгийн үнэт цаасыг 2021 оны тавдугаар сард өгнө гэлээ. Нэгмөсөн бондоо босгоод нэг сая төгрөгөө сар шинийн баярын өмнө өгөх асуудлыг судалсан уу. Хамтад нь шийдээд явсан нь дээр.
УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир:
-194 тэрбум төгрөгийг бэлнээр олгоё гэж байна. Үүнээс гарах үр дагавар эдийн засгийг хүндрүүлнэ гэж тооцсон учраас үнэт цаас хэлбэрээр олгоно гэж байгаа юм.
УИХ-ын гишүүн С.Жавхлан:
-Та бүхний санаачилга зөв. Харин цаг хугацаагаа олсонгүй. Та нарыг сонгогдсоныхоо дараа, ядаж нэг жилийн дараа үүнийг хэрэгжүүлсэн бол гэж бодож байна. Сонгууль дөхөөд ирэхээр баахан амьтан "хошгируулдаг" болсон. Төрийн мөнгөөр яаж сонгуулийн сурталчилгаа хийж болдгийг өнөөдөр харж байна. Та нар хүнд юм өгч, буян хийж байгаа бол араас нь олон юм яриад байлгүй зүгээр өгчихөөрэй. Сонгуулийн сурталчилгаанд ашиглаад, ялархаад, баахан юм яриад байв. Хүнд туслаад чимээгүй орхичихдог байх хэрэгтэй. Би дараагийн удаа энэ суудалд сууж байвал юмыг цаг тухайд нь хийхийн төлөө ажиллана.
УИХ-ын дарга Г.Занданшатар:
-Энэ хууль зөвхөн ахмад настнуудад зориулагдаагүй. Тэтгэврийн зээлтэй 418 мянган зээл байгаагийн 309 мянга нь өндөр настных, бусад нь тэжээгчээ алдсаны, хөдөлмөрийн чадвараа алдсаны, цэргийн зэрэг бусад төрлийн тэтгэвэр барьцаалсан зээл юм.
УИХ-ын гишүүн Л.Болд:
-Энэ хууль батлагдсанаар зээлээ хаалгаж байгаа ахмадуудад нэг ч төгрөг очихгүй. Зээл аваагүй нь ч бас мөнгөтэй болохгүй. Монголын төр ахмадуудаа шууд хоёр ангилж байна. Зээл авсан ухаантай ахмадууд, зээл аваагүй ухаан муутай ахмадууд болгож байна. Тиймээс ахмадуудаа алагчлахгүй байх үүднээс зээл аваагүй ахмадуудад нэг сая төгрөгийг бэлнээр өгөх нь зүйтэй гэдэг байр сууриа ШИНЭ нам илэрхийлсээр байгаа гэв.
Гишүүд асуулт асууж, үгээ хэлж дууссаны дараа, зарчмын зөрүүтэй асуудлаар санал хураалт явуулснаар, Иргэдийн тэтгэвэр барьцаалсан зээлийг төрөөс нэг удаа төлөх тухай хуулийн төслийн эхний хэлэлцүүлэг дууслаа.
Хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлгэхээр холбогдох байнгын хороодод шилжүүлсэн бөгөөд өнөөдөр чуулганаар эцсийн хэлэлцүүлгийг хийж, хуулийн төслийг эцэслэн батлах юм.