УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанар, УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан нарын долоон гишүүний өргөн мэдүүлсэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ. Хууль санаачлагчийн илтгэлийг УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан хуралдаанд танилцуулав.
2015 оны арванхоёрдугаар сарын 25-нд баталсан Сонгуулийн тухай хуулиар Ерөнхийлөгч, УИХ, Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуультай холбоотой бүхий л харилцааг зохицуулж байсан. 2016-2017 оны ээлжит бүх сонгуулийг нэг хуулиар зохион байгуулсан юм. Тиймээс сонгууль болгоны онцлогт тохирсон хуулийн зохицуулалт шаардлагатай тухай хууль санаачлагч танилцуулав.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төслийг Сонгуулийн тухай хуулийн Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой харилцааг зохицуулсан суурь зохицуулалтуудад ундэслэн, түүний үзэл баримтлалын хүрээнд боловсруулжээ. Монгол Улсын улс төр, эдийн засаг, нийгмийн амьдралын хөгжлийн хурдац, үүнээс үүдэн гарсан нөхцөл байдал, хууль тогтоомжийн чанарыг сайжруулах шаардлага зэргийг харгалзан Ерөнхийлөгчийн сонгуулийн үндсэн зарчим, журмыг улам тодорхой болгох тусгайлсан хууль боловсруулах шаардлагатай гэж үзжээ.
Үндсэн хуульд заасан иргэний сонгох, сонгогдох эрхийг хангах, түүнчлэн Ерөнхийлөгчийн сонгуулийг зохион байгуулж явуулах удирдлага, зохион байгуулалтын эрх зүйн орчинг сайжруулах зэргээр Ерөнхийлөгчийн сонгуультай холбогдсон харилцааг бүхэлд нь эргэн харж боловсронгуй болгох шаардлагад үндэслэн хуулийн төслийг боловсруулсан байна.
Хууль санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан Байнгын хорооны гишүүдээс асуулт, санал гараагүй бөгөөд хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 71.4 хувь нь дэмжлээ.