УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг өнөөдөр 15.00 цагт хуралдуулахаар зарлажээ.
Чуулганы хуралдааныг хуваарьт өдрөөс нь өмнө хуралдуулж байгаа шалтгаан нь Иргэдийн тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хуулийн төслийг нэн яаралтай дэгээр хэлэлцэх болсонтой холбоотой. Нийгмийн бодлого, боловсрол, соёл шинжлэх ухааны байнгын хороо уг асуудлыг яг одоо хэлэлцэж байна. Байнгын хорооны хуралдааны дараа нэгдсэн чуулган хуралдаж, хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэнэ.
Мөн өнөөдрийн чуулганы хуралдаанаар “Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд хууль тогтоомжийг нийцүүлэх, түүнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл болон Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэнэ.