Оны өмнөхөн баталсан УИХ-ын сонгуулийн тухай хуулиар ирэх сонгуулийг олон мандат бүхий томсгосон мажоритар тогтолцоогоор явуулахаар болсон билээ. Уг хуулийн дагуу сонгуулийн жилийн хоёрдугаар сарын 1-нээс өмнө сонгуулийн тойрог, мандатыг УИХ батлах ёстой.
Энэ талаар Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт:
-"УИХ-ын сонгуулийн тухай хуульд зургадугаар сарын сүүлийн долоо хоногийн аль нэг ажлын өдөр байхаар хуульчилсан. Энэ дагуу сонгуулийн санал хураах өдрийг зургадугаар сарын 24 байхаар СЕХ-ноос өргөн мэдүүлэд байгаа. Үүнийг УИХ-аар хэлэлцэн, шийднэ.
Одоогоор Дундговь, Сүхбаатар, Говь-Алтай, Булган аймгууд нэг мандаттай, Улаанбаатар 28 мандаттай байна. Нийслэлийн 28 мандатын дөрвийг нь нэг мандаттай дөрвөн аймаг руу шилжүүлэх тухай яригдаж байна. Гэхдээ одоогоор эцэслэн шийдээгүй. Улаанбаатар хотын аль дүүргээс хэрхэн мандат шилжүүлэх вэ гэдэг дээр СЕХ тооцоо судалгаа хийж УИХ-д өргөн мэдүүлэх байх.
Тойрог тогтоохдоо хүн амын тоо, нутаг дэвсгэрийн хэмжээ, засаг захиргааны нэгжийг харгалзан үздэг. Аймаг, дүүрэг тус бүрээрээ мандатын тоогоор ойролцоо байна гэж тооцож байгаа. Түүнээс биш мандатын тоо хотод их, хөдөөд цөөн байна гэсэн зүйл байхгүй" гэв.