УИХ дахь МАН-ын бүлэг өчигдөр хуралдаж тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжсэн билээ.
Хурлын дараа МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Бүлгийн гишүүд хуулийн төслийг дэмжсэн шийдвэр гаргасан. Тэтгэврийн зээлийг тэглэж байгаа явдал нь нийгмийн хамгааллын хүрээнд авч хэрэгжүүлж байгаа том арга хэмжээ юм. Ялангуяа бага орлоготой ахмадуудыг дэмжих бодлого гэж үзэж байна. Энэ долоо хоногт байнгын хороо, УИХ-ын чуулганаар хэлэлцээд шийдвэрлэнэ” гэжээ.
Харин хуулийн төслийг бүлгийн хуралдаанд танилцуулсан ХНХ-ын сайд С.Чинзориг "Цагаан сарын өмнө Салхитын ордыг барьцаалж тэтгэврийн зээлийг тэглэнэ. Таван жилийн хугацаатай, зургаан хувийн хүүтэй, хаалттай бонд босгоно. Тэтгэврийн зээлгүй 180 мянган ахмадын асуудлыг одоогоор ярихгүй. ҮАБЗ-ийн зөвлөмжийн дагуу тэтгэврийн зээлийг л нэг удаа тэглэнэ" гэсэн байна.