"Салхитын мөнгөний ордыг эргэлтэд оруулах замаар иргэдийн тэтгэврийн зээлийг тэглэнэ" гэсэн Ерөнхийлөгчийн мэдэгдэл, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн шийдвэрийн талаар АН-ын дарга С.Эрдэнэ байр сууриа илэрхийллээ.
С.Эрдэнэ:
-Тэтгэврийн зээлийг тэглэх нь ахмадуудад хүрсэн сайхан мэдээ хэдий ч ҮАБЗ тооцоо, судалгаагаа хэрхэн хийсэн нь тодорхой бус байна. ҮАБЗ бол зөвхөн зөвлөмж хүргүүлдэг болохоос шууд шийдвэр гаргаж, хууль баталдаг байгууллага биш. Ерөнхийлөгч Х.Баттулга энэхүү шийдвэрээ танилцуулахдаа УИХ-ын дарга болон Ерөнхий сайдтай зөвшилцсөн байж болно. Гэхдээ 2020 оны улсын төсвийг батлах үед тэтгэврийн зээлийг тэглэх талаар огт яриагүй.ҮАБЗ-ийн энэ гурван хүн дотор эдийн засгийн бодлогыг голлон барих хүн нь Ерөнхий сайд. Ерөнхийлөгч төсөв дээр оролцох эрх байхгүй.
Дөрвөн жилийн улсын батлагдсан төсвийн нийт алдагдал 9 их наяд болсон байгаа. Тэтгэврийн зээлийг тэглэхийн тулд улсаас арилжааны банкуудад мөнгө өгнө гэсэн үг. Салхитын мөнгөний хөрөнгө оруулагч гадаадынх. Энэ ордын олборлолт, борлуулалт ямар байх вэ? Нарийн тооцоо судалгаа мэдэхгүй байна. Эхний ээлжинд ирээдүйд Тэтгэврийн даатгалын сангаа хэрхэн баяжуулах талаар ярих нь зөв. УИХ-ын гишүүд ард түмний төлөөлөл байдаг. 76 гишүүн бүгдээрээ улс эх орны эрх ашгийн төлөө явах ёстой. Түүнээс бус хүнд таалагдахын тулд худлаа ярьж болохгүй.
Сэтгэгдэл (1)