Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Б.Махбалд холбогдох эрүүгийн хэргийн шүүх хурал өнөөдрийн 14:00 цагт боллоо.
Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүх хурлыг товлосон байна. Түүнд холбогдох хэргийн шүүх хурал найман удаа хойшилж, жил гаруй хугацаанд дамнан үргэлжилж байгаа билээ.
Шүүх хурлаас шийдвэр гарсан байна. Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Б.Махбалд холбогдох эрүүгийн хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэх шаардлагатай гэж үзэн хэргийг прокурорт буцааж, Б.Махбалд өмнө авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээлээ гэж Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газраас мэдээлэв.
Хэргийг эргэн сануулахад, 2018 оны наймдугаар сарын 9-нд ЗТХЯ-ны байранд хүн амины хэрэг гарсан. Цагдаагийн байгууллагаас урьдчилсан байдлаар ЗТХЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Б.Махбал тус яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Т.Гомбосүрэнгийн аминд хүрсэн хэмээн тогтоосон байдаг.
Сэтгэгдэл (2)