Нийслэлийн прокурорын газраас УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр, түүний зөвлөх нарт хилийн хориг тавих санал ирүүлснийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өнөөдөр хэлэлцэж, хилийн хориг тавих тухай прокурорын саналыг шүүх хүлээн авахаас татгалзжээ.
Тэднийг Хөдөлмөр эрхлэлтийн сангаас хууль бусаар зээл олгоход оролцсон болон УИХ-ын дэд дарга асан Г.Батхүүгийн осолдсон хэргийг шалгах явцад зориудаар худал мэдүүлэг өгсөн хэмээн буруутгаж, яллагдагчаар татсан тухай өчигдөр УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр хэвлэлийн бага хурал зарлаж мэдээлсэн билээ. Мөн тэр хуулийн байгууллагын дээрх ажиллагааг гүтгэлэг хэмээн үзэж буйгаа хэлсэн юм.
Н.Номтойбаяр "Өчигдөр сүүлийн хагас жилийн хугацаанд над руу дайрсан гүтгэлгүүдэд миний бие хариу тайлбар өгсөн. Хуулийн байгууллагаас тайлбар хийх ёстой байсан чимээгүй байсаар байгаа нь олон нийтэд намайг хэрэг хийсэн мэтээр харуулах сонирхолтой байсан шиг санагдсан.
Г.Батхүү агсныг нас барсантай холбоотойгоор хэн нэгнийг яллагдагчаар татах нь байтугай эрүүгийн хэрэг ч үүсгээгүй. Үнэнээ мэдүүлсээр байтал яагаад худал мэдүүлэг өгсөн гэж цагдаагийн байгууллага гүтгээд байгааг би прокуророос асуусан. Гэтэл прокуророос юу ч хэлж чадахгүй байна. Үүнийг дахиж надтай холбож бүү яриарай. Сая болсон шүүх хурлаар таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай саналыг прокурорын байгууллагаас ирүүлснийг хэлэлцсэн. Шүүх хүлээж авалгүй татгалзалаа. Шүүх шударга байлаа, үүнд талархаж байна" гэв.