Нийслэлийн прокурорын газраас УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр, түүний зөвлөх нарт хилийн хориг тавих санал ирүүлснийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хэлэлцэж байна. Тэднийг Хөдөлмөр эрхлэлтийн сангаас хууль бусаар зээл олгоход оролцсон болон УИХ-ын дэд дарга асан Г.Батхүүгийн осолдсон хэргийг шалгах явцад зориудаар худал мэдүүлэг өгсөн хэмээн буруутгаж, яллагдагчаар татсан тухай өчигдөр УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр хэвлэлийн бага хурал зарлаж мэдээлсэн билээ. Мөн тэр хуулийн байгууллагын дээрх ажиллагааг гүтгэлэг хэмээн үзэж буйгаа мэдэгдсэн.
Гэвч өнөөдөр хэрэгт хяналт тавьж буй Нийслэлийн прокурорын газраас Н.Номтойбаяр болон түүний зөвлөхөд хилийн хориг тавиулахаар шүүхэд хүсэлт гаргасан байна. Н.Номтойбаяр гишүүний зүгээс шүүх хуралдааныг нээлттэй явуулж, шууд дамжуулах хүсэлт гаргасан боловч шүүхээс түүний хүсэлтийг хүлээж авсангүй. Шүүхийн шийдвэр гарсны дараа дэлгэрэнгүй мэдээлэл өгнө гэв.