АНУ-ын Сангийн Дэд сайд Маршалл Билингсли энэ өдрүүдэд Монгол Улсад айлчилж байна. Тэрбээр өчигдөр Сангийн сайд Ч.Хүрэлбаатартай уулзаж, Монгол Улсыг Саарал жагсаалтаас гаргахад шаардлагатай хийх ажлуудын талаар ярилцжээ. Энэ талаар АНУ дахь Элчин сайд Ё.Отгонбаяр твиттер хуудастаа жиргэсэн байна.
АНУ Сангийн дэд сайд М. Биллингсли Сангийн сайд Ч. Хүрэлбаатарт бараалхаж Монгол улсыг саарал жагсаалтаас гаргахад хийх ажлуудын талаар ярилцав
Маршалл Билингслиг 2017 оны зургаадугаар сард АНУ-ын Сенатаас Сангийн яамны Дэд сайдаар томилсон бөгөөд тэрбээр терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх ба санхүүгийн гэмт хэргийн асуудал эрхэлсэн албыг удирдан ажилладаг ажээ.
Энэ дагуу Маршалл Билингсли АНУ-ын засгийн газар болон гадаад улс орнуудын засгийн газар төдийгүй хувийн хэвшил дэх үндэсний аюулгүй байдлын асуудал хариуцдаг нэгжүүдтэй хамтран хууль бус санхүүжилтээс үүдэлтэй аюулыг илрүүлэх, шийдвэрлэхэд хамтран ажилладаг байна. Тиймээс мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх, үй олноор хөнөөх зэвсгийн тархалт, дотоодод болон хил дагуу гардаг бусад төрлийн гэмт хэрэг, хууль бус үйл ажиллагааг анхаардаг ажээ.
Монгол Улс 2019 оны аравдугаар сарын 18-ны өдөр ФАТФ-ын Саарал жагсаалтад орсон бөгөөд жагсаалтаас гарахын тулд ФАТФ-аас тавьсан дөрвөн шаардлагыг хэрэгжүүлэх зөвлөмж аваад байгаа. Мөн үүнтэй холбоотойгоор Монголбанкны ерөнхийлөгч болон Санхүүгийн зохицуулах хорооны даргыг албан тушаалаас нь чөлөөлсөн билээ.