Монгол Улсын 2020 оны Төсвийн тухай хуульд Ерөнхийлөгч хэсэгчлэн хориг тавьсаныг өнөөдөр УИХ хүлээж авлаа. Нийгмийн даатгалын шимтгэлийг 2 хувиар нэмэгдүүлэхгүй байхыг гишүүдийн 51.2 хувь дэмжсэн байна.
Монгол Улсын 2020 оны Төсвийн тухай хуулийг дагалдаж батлагдсан Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуулийн 3, 4 дүгээр зүйлд нийгмийн даатгалын шимтгэлийн нэмэгдлээс төвлөрч, зарцуулагдах 174,2 тэрбум төгрөгийг тусгасан байсан юм. УИХ Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авсан учир төсдийн орлогоос дутах 174,2 тэрбум төгрөгийг хаанаас бүрдүүлэхээ дахин хэлэлцэх шаардлагатай болж байна.
Харин 2020 онд хөрөнгө оруулалттай холбоотой:
- Монгол Улсын 2020 оны Төсвийн тухай хуулийн 2 дугаар хавсралтад заасан, 2020 оноос эхэлж 2021, 2022 оныг дамжин хэрэгжих, хоригийн хавсралтад дурдсан, 1,424,277.3 сая төгрөгийн төсөвт өртөг бүхий 386 барилга, арга хэмжээнд хэсэгчлэн,
- Монгол Улсын 2020 оны Төсвийн тухай хуулийн 8 дугаар зүйлд заасан 1,828,930.3 сая төгрөгөөс 2020 оноос эхэлж 2021, 2022 оныг дамжин хэрэгжих барилга, арга хэмжээнд төсөвлөсөн 350,846.7 сая төгрөгийг хасуулахаар тухай зүйлд хэсэгчлэн,
- Монгол Улсын 2020 оны Төсвийн тухай хуулийг дагалдаж батлагдсан Ирээдүйн өв сангийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд бүхэлд нь тус тус тавьсан хоригуудыг Байнгын хороо, УИХ-ын нэгдсэн чуулган хүлээж авсангүй.
УИХ Ерөнхийлөгчийн тавьсан нэг хоригийг хүлээн авсантай холбоотойгоор 2020 оны Төсвийн тухай хууль болон холбогдох хуулиадад нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг Засгийн газар санаачилж, ирэх долоо хоногийн УИХ-ын чуулганаар хэлэлцүүлэх үүргийг УИХ-ын дарга Г.Занданшатар өглөө.
Тэрбээр мөн Нийгмийн даатгалын санд учруулсан хохирлыг буруутай этгээдүүдээр төлүүлэх шаардлагатай гэж үзэж, УИХ-ын гишүүн Б.Жавхлангаар ахлуулсан Ажлын хэсэг байгуулах тогтоол гаргаснаа мэдэглээ.