Ерөнхий сайд У.Хүрэлсүх 2019 оны арванхоёрдугаар сарын 3-6-нд ОХУ-д албан ёсны айлчлал хийж байна. Ерөнхий сайд У.Хүрэлсүх өчигдөр орон нутгийн цагаар 16.00 цагт Сочид хүрэлцэн очжээ. Тэрээр Ерөнхийлөгч В.В.Путинд бараалхаж уулзалт 50 минут үргэлжилсэн байна. Уулзалтаар Монгол Улсын нутгаар дамжуулан хийн хоолой тавих ажлыг эхлүүлэхээр тохиролцжээ.
Ерөнхий сайд У.Хүрэлсүх: “Гурван улсын Эдийн засгийн коридорын хүрээнд хэрэгжүүлэх хийн хоолойн төсөл нь гурван улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд чухал хувь нэмэр оруулна” хэмээн онцолсон бол ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин “Уг төслийг хэрэгжүүлэхэд улс төрийн зүгээс ямар ч саад одоо байхгүй” гэжээ.
Ерөнхий сайдын гадаад бодлогын зөвлөх Б.Мөнхжингийн мэдээлснээр, энэ уулзалтаар олон жилийн турш яригдсан Монгол Улсын нутаг дэвсгэрээр байгалийн хий дамжуулах хоолой байгуулах асуудлаар хоёр тал Санамж бичиг байгуулжээ. Хоёр талын судалгааны ажлын багууд эдийн засгийн үр өгөөжийг тогтоох, техник эдийн засгийн үзүүлэлтийг боловсруулах ажлуудыг эхлүүлэх юм байна. Энэ төсөл амжилттай хэрэгжсэнээр Монгол Улс бүс нутгийн эрчим хүчний интеграцид бодитойгоор оролцох боломж бүрдэх юм.