Малайз улсын Саравак мужийн Кучин хотод болж буй 21 дахь удаагийн Ази тивийн мастеруудын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 2-6-ны хооронд болж байна.
Тус тэмцээнд 29 орны 3000 орчим тамирчид өрсөлдөж байгаагаас манай тамирчин 85 настай Ц.Раднаа 400м-ийн М85-89 төрөлд 1.21.82 минут гүйсэн амжилтаар Ази тивийн аварга болж дээд амжилтыг шинэчлэн тогтоолоо.
Өмнө нь энэ рекордыг Япон улсын тамирчин Hiroo Tanaka 2017 онд БНХАУ-ын Rugao хотод болсон ААШТ-д 1.31.94 минут гүйснээр эзэмшиж байжээ. Ахмад тамирчин Ц.Раднаа өнөөдөр 200 метрийн М85-89 ангилалд хурд хүчээ сорих юм.
Тэрээр өнгөрсөн дөрөв дүгээр сард Польшийн Торун хотод болсон хөнгөн атлетикийн мастеруудын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртэж байсан билээ.