Монгол орон Ардчилсан тогтолцоонд шилжсэн энэ хугацаанд эрх чөлөөний дуу хоолой, үзэл санааны жигүүр болж ирсэн АРДЧИЛСАН ЗАЛУУЧУУДЫН ХОЛБОО энэ жил 20 нас хүрч байна.
Уг ойн хүрээнд Ардчилсан залуучуудын холбооны гишүүн 90 мянган залуусын төлөөлөл 21 аймаг, 9-н дүүргээс хуран цуглаж АНДУУД чуулганыг ҮНЭТ ЗҮЙЛ-СОРИЛТ нэртэйгээр 2019 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Улаанбаатар хотод зохион байгуулах гэж байна.
Залуус 20 жилийн ойн баяраараа 30 жилийн турш замнасан Ардчилсан тогтолцоогоо дүгнэх, Ардчилалын үнэт зүйлд тулгамдаж буй сорилтуудыг ярилцаж, ядуурал, төсвийн хулгай, өр, технологийн шинэчлэлийн шаардлага, бизнесийн орчин ба авилгал, үндсэн хуульт ёс, байгаль орчны бохирдол, ялгаварлан гадуурхал ба ёс зүй, улс төрийн намын санжүүжилт зэрэг сэдвээр хэлэлцүүлэг, илтгэл, мэтгэлцээн зохион байгуулах аж.
Мөн хөгжлийн бодлогод дутагдаж буй шийдэл, гарцыг хамтдаа эрэлхийлж, улс төрийн орчин дахь залуучуудын бодитой оролцооны тухай ажил хэрэгч хэлэлцүүлгүүд өрнөнө.
Уг арга хэмжээний нэгэн сонирхолтой мэдээ нь 20 жилийн ойн арга хэмжээнд зориулан Ардчилсан залуучуудын холбооноос санаачлан гаргаж буй Монголын төр нийгмийн нэрт зүтгэлтэн, Ардчилсан хувьсгалын зохицуулагч Санжаасүрэнгийн Зоригийн нэрэмжит шагналыг гардуулах ёслол юм.
Тус шагналыг нийгмийн үйлстэн, шилдэг хамт олон, шилдэг бизнес эрхлэгч гэсэн ангилалаар шалгаруулан гардуулах болсон байна.
Мөн энэхүү ойн баяраар тус байгууллагын үе үеийн ерөнхийлөгчид, АН-ын удирдлагууд болон ҮБХ-ны гишүүд урилгаар оролцох ажээ.