Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн нийт гишүүдийн хуралдаан өнөөдөр 11:00 цагт боллоо.
Хуралдаанаар ҮХЦ-ийн дарга Д.Одбаярын албан тушаалаасаа чөлөөлөгдөхөөр гаргасан хүсэлтийг хэлэлцсэн юм.
Цэцийн дарга Д.Одбаяр "Албан тушаалаасаа чөлөөлөгдөхөө хүсэж, асуудлыг холбогдох хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү" гэсэн хүсэлт гаргасан. Тэрбээр БНСУ-ын онгоцонд зорчиж явахдаа үйлчлэгч бүсгүйд бэлгийн дарамт үзүүлсэн гэх хэрэгт холбогдож, мөнгөн торгууль төлсөн билээ.
Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6 дахь хэсгийг үндэслэн Үндсэн хуулийн цэцийн гишүүн Н.Чинбат хуралдааныг удирдан хийлгэв.
Цэцийн нийт 9 гишүүн Д.Одбаярыг Үндсэн хуулийн цэцийн даргын албан тушаалаас чөлөөлөхийг санал нэгтэйгээр дэмжжээ.
Гэвч түүнийг зөвхөн цэцийн даргын албан тушаалаас нь чөлөөлж, харин цэцийн гишүүнээс чөлөөлөх асуудлыг УИХ шийдхээр болжээ. Д.Одбаярыг УИХ-аас цэцийн гишүүнээр томилж байсан тул хуулийн дагуу чуулганаар хэлэлцэх юм байна.
Үндсэн хуулийн цэцийн гишүүд:
- Д.Одбаяр /Дарга/
- Н.Чинбат /Гишүүн/
- Д.Солонго /Гишүүн/
- Ш.Цогтоо /Гишүүн/
- Ш.Солонго /Гишүүн/
- Б.Буяндэлгэр /Гишүүн/
- Ц.Нанзаддорж /Гишүүн/
- Г.Туулхүү /Гишүүн/
- Г.Баясгалан /Гишүүн/
Олон улсад энэ тохиолдолд ёс зүйн алдаа гаргасан албан тушаалтан гаргасан алдаагаа ухамсарлаж шууд огцордог жишиг тогтсон. Харин манай улсад төрийн өндөр албан тушаалтан ёс бус үйлдэл, ёс зүйн зөрчил гаргасан тохиолдолд хэрхэх асуудлыг нарийвчлан зохицуулж өгөөгүйгээс хариуцлагын асуудал нэр төдий үлдэх боломжийг олгож байна.