Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаярыг албан тушаалаас нь чөлөөлөх асуудлыг өнөөдөр 11.00 цагаас Цэцийн хурлаар хэлэлцэнэ. Тэрээр өнгөрөгч баасан гаригт /2019 оны арваннэгдүгээр сарын 15/ Үндсэн хуулийн цэцийн гишүүдэд албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн билээ. Цэцийн даргыг Цэцийн гишүүд дундаасаа томилдог хуультай учир чөлөөлөгдөх асуудлыг ч мөн Цэц хуралдаанаараа шийдэх юм.
Цэцийн гишүүнээс огцруулах асуудал нь түүнийг гэмт хэргийн үйлдэл дээр нь барьсан, эсхүл Эрүүгийн хэрэг үйлдсэнийг нь шүүхээр тогтоосон нөхцөлд л боломжтой юм. Тиймээс Д.Одбаяр өөрөө ёс зүйн хариуцлага хүлээж, сайн дураараа чөлөөлөгдөх хүсэлтээ УИХ-д гаргаагүй тохиолдолд түүнийг Цэцийн гишүүнээс чөлөөлөх боломжгүй болж байна.