Дэлхийн хэмжээнд амжилтаараа 3-р байрт эрэмбэлэгдэж яваа М.Нандинцэцэгийн түүхэнд нэрээ мөнхөлсөн өдөр өнөөдөр...
Өнөөдөр Монгол улсын түүхэнд нэгэн шинэ хуудас нээгдсэн нь ОУХМ М.Нандинцэцэг боксын Эмэгтэйчүүдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртсэн явдал юм. /2018.11.20/
70 жилийн түүхтэй Монголын боксын спортын түүхэнд эрэгтэйчүүд олимп, дэлхий, азийн наадам, азийн аварга шалгаруулах тэмцээнүүдийн аварга аль хэдийнээ тодорсон байсан. Гэтэл эмэгтэйчүүдийн төрөлд эдгээр амжилтын эзэн хараахан тодроогүй байсан билээ.
Өнгөрсөн жилийн яг энэ өдөр Энэтхэгийн Нью Дели хотод Эмэгтэй боксчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд М.Нандинцэцэг Мароккогийн Зохра Захроутай тулалдаж, илт давуугаар ялалт байгуулан хүрэл медалийн эзэн болсон билээ. Энэ мөч Монголчуудын, бокс сонирхогчдын хувьд үгээр хэлшгүй бахархам үйл явдал болж байлаа.
Энэ хүртэлх зам М.Нандинцэцэгийн хувьд дардан байгаагүй. 15 наснаасаа эрчүүдийн хүртэл шантардаг энэхүү спортоор хичээллэхдээ олон ч уналт, сорилтыг давж энэ бүхнийг цогцлоосон. Нэгэн ярилцлагад тэрээр “Бидэнд цалин мөнгө гэж өгдөггүй байсан тул амьдралаа бодож ажил төрөл хийе гэж их боддог байсан. Автобусанд суух мөнгөгүй, бэлтгэлийн цүнхээ үүрээд хотын нэг захаас нөгөө зах хүртэл алхах үе бишгүй л байлаа багш бид хоёрт. Аргагүй биздээ? Хорин хэдэн нас хүрсэн залуус аав ээждээ хүртэл дэмтэй ажил хөдөлмөр эрхлээд, үр шимийг нь хүртээд байхад. Яалтачгүй аав ээжийгээ, амьдралаа бодохоор спортын замаас буцмаар л байдаг байсан. Гэхдээ л хувь заяа тэгэж эргүүлээгүй юм” хэмээн ярьж байсан юм.
Тэрээр Монгол улсын 11 удаагийн аварга, Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 хүрэл, 1 мөнгөн медаль, мөн Азийн наадмын хүрэл медаль, Дэлхийн цомын тэмцээнээс мөнгөн медаль хүртсэн тамирчин. Одоо тэр Дэлхийн хэмжээнд ретингээрээ 3-р байрт эрэмбэлэгдэж явна. Түүний бахдам амжилтын өчүүхэнээс дурдахад л ийм байна.
Энэ түүхэн амжилтын эзэн болж яваа шаливхан бүсгүйд улам их амжилтыг ерөөж, түүний хөдөлмөрийг төр засаг, холбогдох газрууд нь үнэлж, туулж өнгөрүүлсэн арвин туршлага, эх орныхоо далбааг улам их өргөх замд нь сүүн цацал болгоосой гэж нийт дэмжигчдийнх нь зүгээс хүсч байна.