Үндсэн хуулийн Цэцийн дарга Д.Одбаярыг уучлалт гуйж, албан тушаалаасаа огцрохыг шаардаж change.org онлайн санал хураах талбар дээр иргэдийн гарын үсгийг цуглуулж байна. Энэхүү өргөдлийг Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцэд хүргүүлэхээр төлөвлөжээ.
Өргөх бичигт "Монгол улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаяр 2019 оны 10 сарын 31-ний өдөр Улаанбаатараас Сөүлийн чиглэлд нисэх үедээ архидан согтуурсан байдалтайгаар онгоцны үйлчлэгчийн өгзгөнд хүрч, бэлгийн дарамт учруулж, нислэгийн багийн монгол гишүүнийг сүрдүүлж, увайгүй аашилсан нь тодорхой болсон. Уг үйл явдлаас хойш 15 хоногийн хугацаанд тэр өөрийн хийсэн ичгүүргүй үйлдэлдээ уучлалт гуйж, мэдэгдэл хийхгүй байсаар өнөөдрийг хүрсэнд залуу хүн, эмэгтэй хүнийхээ хувьд тэвчиж чадалгүй энэхүү өргөх бичгийг эхлүүлж байна.
Үндсэн хуулийн цэц бол ардчилсан улс орны Үндсэн хуулийг сахиулах, батлан хамгаалах үүрэгтэй төрийн дээд байгууллага бөгөөд уг байгууллагыг удирдаж буй хүн нь ийм ёс зүйгүй аашилж, хийсэн үйлдэлдээ огтхон ч хариуцлага хүлээхгүй байгаа нь хүчирхийлэл үйлдсэн этгээд эрх мэдэлтэй л бол үйлдсэн хэргээсээ үр дагавар, хариуцлага хүлээхгүйгээр мултарч болно гэсэн сэтгэгдлийг төрүүлж байгаа юм.
Бэлгийн дарамтыг хүлцэн тэвчиж, хохирогчийг буруутгах хандлагыг улам даамжруулсан уг үйлдэлдээ хариуцлага хүлээж, төрийн өндөр албан тушаалаасаа татгалзаж, улс орны нэр хүндийг сэвтүүлсэндээ уучлалт гуйхыг Д.Одбаяраас шаардаж байна. Хэрвээ та ч мөн үүнтэй санал нийлж байвал уг цахим эсэргүүцэлд нэгдээрэй.
Хүчирхийлэл, бэлгийн дарамт үйлдсэн этгээдийг #БидУучлахгүй" гэжээ.
Хэрэв та ҮХЦ-ийн даргыг огцрох ёстой гэж бодож байвал ЭНД дарж санал хураалтад нэгдээрэй.
Монгол улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын албан айлчлалыг ингэж ихээр гаргадаггүй БНСУ-ын хэвлэл мэдээллийн сувгууд энэхүү хэргийг олон удаа, хэргийн үйл явц бүрийг дамжуулж байсан. Мөн олон орны хэл дээр орчуулан гаргасан. Дэлхийн улс оронд Монгол улсыг төлөөлөн явж буй иргэн, өндөр албан тушаалтанг хувь хүн биш, Монгол гэдэг нэр дагалддаг. Тэр тусмаа төрийн дээд албан тушаал хашиж буй хүн ёс зүйн өндөр хариуцлагатай байхыг энэ хэрэг харууллаа.
Хамгийн сүүлийн мэдээгээр ҮХЦ-ийн дарга Д.Одбаяр "Би ямар ч буруугүй ажлаа өгөхгүй, Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайдтай уулзана" хэмээн уурссан тухай мэдээлэл цацагдаад байгаа билээ.
Одоогоор 3500 гаруй хүн нэгдсэн байна.
Change.org-д дэлхийн өнцөг булан бүрээс асуудлаа шийдүүлэхийг, аливааг өөрчлөхийг хүссэн хүмүүс санал нэгдэн гарын үсэг цугцуулдаг талбар юм.
Сэтгэгдэл (9)