Онгоцны үйлчлэгчийн биед хүрч, бэлгийн дарамт учруулсан хэргээр БНСУ-д саатуулагдаад байсан Үндсэн хуулийн Цэцийн дарга Д.Одбаяр өнгөрсөн пүрэв гаригт эх орондоо ирсэн билээ. Түүнийг үүсэн нөхцөл байдлын улмаас өөрийн хүсэлтээр ажлаа өгөхөөр болсон тухай улс төрийн хүрээнд яриа гарч эхэлсэн.
Тэгвэл Цэцийн даргын асуудлаар ҮХЦ-ийн зургаан гишүүн өчигдөр хуралдсан байна. Харин Д.Одбаяр "Би ямар ч буруугүй ажлаа өгөхгүй" гэжээ.
Тэрээр өчигдөр үдээс хойш 17 цагийн үед ажилдаа очсон байна. ҮХЦ-ийн зургаан гишүүн хурал зарлаж Цэцийн даргын гадаадад нэр холбогдсон асуудалд ёс зүйн хариуцлага тооцох тухай ярьсан байна. Гэвч Д.Одбаяр эсэргүүцэж, хурал эхлэнгүүт хаяж гарсан байна.
Цэцийн гишүүдийн олонхын зүгээс түүнтэй ёс зүйн хариуцлага тооцох ёстой гэж үзэж байгаа аж. Хариуд нь Д.Одбаяр "Би ямар ч буруугүй ажлаа өгөхгүй" гэжээ. Цэцийн зарим гишүүд "Танд Өмнөд Солонгосын хуулийн байгууллагаас мөнгөн торгуулийн ял хүлээлгэсэн, та торгууль төлсөн, хэргээ хүлээсэн гэсэн үг. Цэцийн нэр хүндийг бодоод өөрөө даваа гаригт огцрох өргөдлөө өг" гэжээ. Харин Д.Одбаяр "Би Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайдтай уулзана" гээд хаалга саван гарсан гэнэ.
ҮХЦ-ийн дарга Д.Одбаяр 2019 оны 11 дүгээр сарын 18-ны даваа гаригт сэтгүүлчдэд зориулж хэвлэлийн хурал хийхээр товлосон. Хурал болох газар, товыг жич зарлана гэж Үндсэн хуулийн цэцийн хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлсэн юм.
Үндсэн хуулийн Цэц есөн гишүүнтэй, үүнээс Н.Чинбат АНУ-д ажлын томилолттой, Г.Баясгалан тодорхой шалтгаангүйгээр тус хуралд оролцоогүй байна.
Сэтгэгдэл (25)