УИХ-ын үдээсхойших чуулганаар Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн гуравдугаар хэлэлцүүлгийг хийж дуусгалаа. АН-аас тавьсан хоёр дахь санал болох "УИХ-ын сонгуулийг олонхын болон хувь тэнцүүлсэн зарчмыг хослуулан явуулна. Сонгогч тойрогт нэр дэвшсэн болон намын жагсаалтад орсон нэр дэвшигчийн төлөө санал өгнө" хэмээх заалтыг Үндсэн хуульд оруулах эсэхээр санал хураалт явуулахад гишүүдийн 59.4 хувийн саналаар дэмжигдсэнгүй.
Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн дагуу нийт гишүүүдийн 2/3 буюу 57-гоос дээш гишүүний санал авсан заалтыг Үндсэн хуульд оруулах журамтай тул уг санал уналаа.
Энэ талаар УИХ дахь АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат "Зөвшилцлийн ажлын үр дүн гарсангүй. АН-аас тавьсан гурван саналын хоёрыг нь унагаалаа. АН Үндсэн хуулийг өөрчлөхийн төлөө шударга явсан. Харамсалтай нь АН үүнээс цааш хэлэлцүүлэгт орох боломжгүй боллоо" гээд АН Зөвшилцлийн ажлын хэсгээс болон УИХ-ын чуулганы хэлэлцүүлгээс гарч байгаагаа мэдэгдлээ.
Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг МАН, ШИНЭН хоёр хийж дуусгалаа. УИХ-ын дарга чуулганы хуралдааныг түр завсарлуулж, ТББХ-ноос нэмэлт өөрчлөлтийн төслийг сүүлийн хувилбараар оруулж ирсний дараа ҮХНӨ-ийг бүхэлд нь батлах санал хураалт явуулахаар болов.