УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны өчигдрийн /2019.11.12/ хуралдаанаар "Эрдэнэс-Тавантолгой” хувьцаат компанийн 1072 хувьцааг эзэмшигчдэд ногдол ашиг хуваарилах асуудлаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын мэдээллийг сонсох ёстой байсан ч гишүүдийн саналаар хойшлууллаа.
Хуралдаанд Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Сангийн яам, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар, Санхүүгийн зохицуулах хороо, Эрдэнэс-Тавантолгой болон Эрдэнэс Монгол ХХК, Үнэт цаас, төлбөр тооцооны төв ХХК-ийн холбогдох албан тушаалтнууд хүрэлцэн ирсэн бөгөөд гишүүн Ё.Баатарбилэг, А.Сүхбат нар "Хариуцлагатай асуудлаар салбарын сайдаас өөрөөс нь мэдээлэл сонсох, асуултад хариулт авах шаардлагатай" гэв.
Гэвч УУХҮ-ийн сайд өвчтэй гэсэн шалтгаанаар хуралдаанд ирээгүй тул иргэдийн хувьцааны асуудлыг дараагийн хуралдаанаар хэлэлцэхийг Байнгын хорооны гишүүд дэмжлээ.
Харин Өргөдлийн байнгын хорооны зүгээс иргэд, төрийн бус байгууллагаас 1072 хувьцааг эзэмшигчдэд ногдол ашиг хуваарилах асуудлаар ирүүлсэн өргөдлийн дагуу зохих судалгаануудыг хийж, энэ талаар салбарын сайдын мэдээллийг сонсохоор төлөвлөн, бэлтгэлийг хангасан гэдгийг УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.