Хоёр ч удаа хүчингийн хэрэгт холбогдсон УИХ-ын гишүүн асан Д.Гантулгад холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өдрийн 14.30 цагт эхэлж 22:30 минутанд дуусч шийдвэрээ гаргалаа.
Шүүх хуралдаанд шүүгчээр С.Базарханд, хохирогч Н, А нар ѳмгѳѳлѳгч Б.Мэргэн нарын хамтаар оролцсон бол шүүгдэгч талаас Д.Гантулга болон түүний ѳмгѳѳлѳгч Б.Батбаатар, Ж.Барсбаяр нар оролцлоо.
Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс түүнд холбогдох эхний хэрэгт 1 жил 4 сар, хоёр дахь хэрэгт 8 сар нийт хоёр жилийн хорих ял оноолоо.
Нийслэлийн прокурорын газраас Д.Гантулгад холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар "хүчиндэх" гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн, Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд ирүүлсэн билээ.
Сануулахад, УИХ-ын гишүүн асан Д.Гантулга нь 2017 оны зургадугаар сард 25 настай эмэгтэйг хүчиндсэн хэрэгт холбогдон, 2018 оны зургаадугаар сард УИХ-ын гишүүний бүрэн эрхээс татгалзах хүсэлтээ гаргаж байсан билээ.
Тэрээр тухайн үед "Залуу улстөрчид үзүүлсэн итгэлийг биелүүлж чадаагүйдээ хүлцэл өчиж байна. Уужим сэтгэлтэй иргэд маань энэ бүхэн улс төр байсныг нотлох өдөр удахгүй ирнэ ээ. Надтай нэр холбогдоод хохирсон гэх Н, С, Ц гэх бүсгүйчүүдэд улс төрийн золиос болж, эмэгтэй хүнийхээ хувьд нэр төрөөрөө хохирсон явдалд өмнөөс нь харамсаж байна" гэж байв.
Харин удалгүй гишүүн асан Д.Гантулга дахин хүчингийн хэрэгт холбогдсон юм. 2018 оны арваннэгдүгээр сард өөр нэгэн эмэгтэй өөрийг нь хүчирхийлэхийг завдсан хэмээн хуулийн байгууллагад хандсан байдаг.
Ийнхүү хоёр жил дамнан үргэлжилсэн шүүх хурал өндөрлөлөө.
Сэтгэгдэл (4)