Төрийн албаны зөвлөл, Тээврийн цагдаагийн газартай хамтран нийслэлийн таван сургуулийн гадна хяналт тавьж, албаны дугаартай машинаар хүүхэд зөөж байгаа үйлдлийг баримтжуулсан олон нийтийн сүлжээгээр тараад байна. Харин албаны машинаар хүүхдээ зөөж, ашиг сонирхлын зөрчил үүсгэсэн албан тушаалтнуудад хариуцлага тооцох боломжтой юу?
ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ:
-Өнгөрсөн Засгийн газрын хуралдаанаар энэ асуудал яригдсан. Ингээд Төрийн албаны зөвлөл болон Тээврийн цагдаагийн газар хамтран шалгалт хийхэд дээрх зөрчил илэрсэн. Тиймээс албаны машиныг хувийн хэрэгцээнд ашиглахгүй байхыг Төрийн албаны ёс зүйн протоколд тусгах асуудлыг маргаашийн Засгийн газрын хуралдаанаар ярилцана. Ингэж байж таслан зогсооно. Тэдгээр албан хаагчдад сануулга өгнө.
-Албан хэрэгцээнд ашигладаг машины серийн дугаар эсвэл номерын өнгийг нь өөрчлөх гэх мэт арга хэмжээ авч болдоггүй юм уу?
-Хэрэв хуучин шиг серийн дугаараар нь ялгах ч юм уу ийм байдал руу шилжвэл дахиад л хүнд суртлын асуудал гарна шүү дээ. Тэглээ гээд энэ байдал өөрчлөгдөхгүй. Гэхдээ энэ асуудал дээр УИХ-ын гишүүдийг ч мөн шахах хэрэгтэй. Тэгж байж бүгд хамтдаа ийм соёл руу алхая гэж байгаа юм.