Эдийн засгийн байнгын хороо Саарал жагсаалтад орсон шалтгааныг ярилцахтай холбоотойгоор Монголбанкы ерөнхийлөгч Н.Баяртсайхан, Санхүүгийн зохицуулах хорооны дарга С.Даваасүрэн нарын чөлөөлөх асуудлыг хойшлуулж, МАН бүлэг дотроо дахин ярилцахаар болсон билээ.
Энэ талаар ХЗДХ сайд, Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх Үндэсний зөвлөлийн дарга Ц.Нямдорж "Саарал жагсаалтад орсон шалтгааныг сайн судлах хэрэгтэй. Ний нуугүй ярихад их сонин үзэгдэл болсон. Маш сайн ажилласан, их зүйл хийсэн байна гэж ФАТФ-ын Ази Номхон далайн бүс хариуцсан байгуулага нь үзээд өнгөрсөн аравдугаар сард надад талархлын захидал ирүүлсэн. Ирүүлсэн захидалд “Танайх эрчимжсэн хяналтын зэрэглэлд байснаа зөөлрүүлж, ердийн хяналтын зэрэглэлд шилжлээ. Баяр хүргэе” гэсэн байсан. Ийм захидал ирэхээр нь гайгүй юм байна гэж бодтол Парист Саарал жагсаалтад оруулах шийдвэр гарчихсан гэв.
Мөн тэрээр үргэлжлүүлэн ҮХЦ-ийн дарга Д.Одбаярын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
"Тэртээ тэргүй тэр хүн маш хүнд байдалтай байгаа. Хөгшин эх нь байна, үр хүүхэд, хань ижил нь байна. Энэ асуудлыг яаж нэг тийш нь болгох нь вэ гээд хараад сууж байна. Үүнийг битгий дэвэргээд бай. Энэ асуудал дээр Элчин сайдын яамныхан ажиллаж байгаа байх. Өмгөөлөгч авсан гэж дуулсан. Юу болохыг харж л байна. Монгол хүн гэдэг талаар нь хүнлэг хандаач. Хэвлэл мэдээлэл үүнийг хэтэрхий их дэвэргэж байна. Үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөөд Монгол улсын иргэний хувиар БНСУ-д шалгуулахыг айлын тал л мэднэ. Биднээс асуух ч шаардлагагүй. Тухайн хүний буруутай, буруугүй нь хамаагүй. Монгол Улсын иргэнийхээ төлөө Элчин сайдын яам явах ёстой. Хүн гэдэг талаас нь л хандах ёстой" гэлээ.
Сэтгэгдэл (2)