Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаас гаргасан зарим шийдвэрийг ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ танилцуулаа.
Монгол Улсын Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар төрийн албан хаагчийн ёс зүйтэй холбоотой зарим асуудлыг хэлэлцжээ. Энэ талаар ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ мэдээлэл хийлээ.
Л.Оюун-Эрдэнэ:
-"Төрийн албан хаагчийн ёс зүйн дүрмийг шинэчлэн баталснаар төрийн албан хаагчийг гадаадад зорчихдоо мөрийтэй тоглоом тоглох, энэ төрлийн үйл ажиллагаа явуулдаг газраар үйлчлүүлэхийг хориглосон байдаг. Өнгөрсөн хугацаанд үүнтэй холбоотой 10 гаруй мэдээлэл ирснээс хоёр нь бодитой нь нотлогдсон.
- Гаалийн ерөнхий газрын дэд дарга Ё.Бат-Эрдэнэ казино тоглосон нь тогтоогдсон.
- МИАТ ТӨХК-ийн Сөүл дэх төлөөлөгчийн газрын ажилтан С.Баатарцогт мөрийтэй тоглож, энэ төрлийн үйлчилгээний газраар үйлчлүүлж байгаа нь тогтоогдсон. Тиймээс эдгээр хүнийг ажлаас чөлөөлж, холбогдох хууль хяналтын байгууллагад шилжүүлэхээр боллоо" гэв.
Мөн Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар төрийн албан хаагчийн ёс зүйн дүрмийг хуулийн заалтад оруулж, зөрчсөн тохиолдолд шууд чөлөөлөгдөх зохицуулалтыг хийх нь зүйтэй хэмээн хэлэлцсэн байна. Түүнчлэн төрийн албан хаагч цалингаасаа үнэтэй бэлэг авахыг хориглох, ажлын байран дах бэлгийн дарамт учруулсан аливаа үйлдэл гаргахгүй байх талаар хуульд нарийвчлан оруулах, албаны машиныг хувийн ажилд ашиглахгүй байх, гадаад томилолтоор явахдаа бизнес ангиллаар зорчихгүй байх зэрэг заалтыг ёс зүйн дүрэмд оруулах нь зүйтэй хэмээн өнөөдрийн хуралдаанаас шийдвэрлэсэн байна.
Сануулахад, хуулийн байгууллагынхан УИХ-ын хоёр гишүүнийг мөрийтэй тоглоомын газраас баривчилсан. Өөр гэмт хэрэг дээр явуулсан гүйцэтгэх ажлын явцад хоёр гишүүнийг үйлдэл дээр нь барьсан тухай өнгөрөгч даваа гаригт хэвлэлүүд мэдээлсэн билээ. ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнийг өнөөдрийн мэдээллээрээ мөрийтэй тоглосон гишүүдийг нэрийг зарлана хэмээн хүлээж байсан ч тэр өөр хүмүүст хариуцлага тооцсоныг мэдээллээ. Мөн ЗТХ-ийн сайд Б.Энх-Амгалан ч бас "Хоёр гишүүн мөрийтэй тоглосон тухай асуудал Засгийн газрын хуралдаан дээр яригдаагүй" хэмээн үгүйсгэжээ.