Үндсэн хуульд оруулах, нэмэлт өөрчлөлтийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг эхлүүлэхээр Зөвшилцлийн ажлын хэсэг гарсан тухай УИХ-д суудалтай намуудаас мэдэгдээд байгаа.
Зөвшилцлийн ажлын хэсэг АН-ын зүгээс гурван санал тавьсан. Үүнд:
- Ерөнхийлөгчийг парламентаас сонгодог болох
- Ерөнхий сайд танхимаа өөрөө бүрдүүлдэг болох
- Сонгуулийн холимог тогтолцоотой болох гэсэн гурван саналыг тавиад байгаа.
Тэгвэл өнөөдөр хуралдсан Зөвшилцлийн ажлын хэсгийнхэн Ерөнхий сайд танхимаа өөрөө бүрдүүлдэг болох заалт дээр тохиролцож чаджээ.
Энэ тухай УИХ-ын гишүүн Х.Нямбаатар "Зөвшилцлийн ажлын хэсэг хуралдаад эхний ээлжинд Ерөнхий сайд танхимаа өөрөө бүрдүүлдэг байх нь зүйтэй гэдэг дээр санал нэгдэж тохиролцлоо. Үлдсэн хоёр асуудал дээр талууд саналаа хэлсэн. Ажлын хэсгийн хурал маргааш нөгөөдөр үргэлжлэх байх" гэв.
Ерөнхийлөгчийг парламентаас сонгодог болох саналын тухайд МАН, АН-ын гишүүд санал нэгдэж байгаа ч Ерөнхийлөгчийн институцийн зүгээс эсрэг суурьтай байгаа юм байна.
Энэ талаар АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат:
-"Зөвшилцлийн ажлын хэсэг Монголын ирээдүйн 30 жилийн асуудлыг ярьж байгаа. АН-ын санал энэ рүү чиглэсэн болохоос биш өнөөдрийн хэн нэгний албан тушаалын асуудлыг хөндөөгүйг ойлгох хэрэгтэй. Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргын хэлж байгаагаар Ерөнхийлөгч энэ саналыг дэмжихгүй талдаа байгаа юм шиг санагдсан. Гэхдээ үүнийг дэмжүүлэхийн тулд одоогийн Ерөнхийлөгчийн бүрэн эрхэд халдахгүй байхаар шийдвэрлэх боломж байгаа.
Холимог тогтолцоон дээр 76 гишүүний 50 хувийг пропорционал, 50 хувийг нь мажоритар системээр явуулах хувилбар яригдаж байгаа. Нэг зүйлийг онцолж хэлэхэд, энэ хувилбарыг намын нэрийн дор нуугдаж сонгогдох хэлбэр гэж битгий буруу тайлбар хийгээч гэж хүсч байна. Нэрсийн жагсаалтаар нүүрээ ил гаргаад, ардаа намынхаа нэртэй нэр дэвшдэг зарчим зөв шүү дээ.
Нөгөө нэг хувилбар нь гишүүдийн тоог нэмэх асуудлыг хүлээж аваад, 2024 оноос хэрэгжүүлж болохгүй юм уу гэдэг асуудал байгаа. Гэхдээ энэ бол зөвхөн зөвшилцлийн хүрээнд ярьж байгаа зүйл. Шийдээд аль нэг талдаа гараагүй байгаа" гэв.