Нэг иймэрхүү доог тохуу болно оо гэдгийг өмнө нь ч таамаглаж байсан л даа. Гэхдээ аз болоход таасан болгон таардаггүй нь сайхан байлаа. Харин энэ удаад бидний аз дутав бололтой. Ерөнхийлөгч маань “АТГ-ын даргад хэнийг тавих вэ?” гэж ард иргэдээсээ асуух мөртөө хариултыг нь өөрөө өгөв.
ЕТГ-аас Ерөнхийлөгчийн албан ёсны вэб хуудсаар дамжуулж авсан санал асуулгын дүнг өчигдөр зарлалаа. Мэдээж нийт хэдэн хүн санал өгсөн болон, хэн нь хэдэн хувийн санал авсан тухай мэдээлсэнгүй. Харин хамгийн олон санал авсан 10 нэр дэвшигчийг өчигдөр зарлалаа.
- Даваанямын Даваа-Очир ҮАБЗ-ийн ажлын албаны дарга
- Жанжаагийн Батсайхан ШШГЕГ-ын дэд дарга асан
- Баянмөнхийн Билэгт ЦЕГ-ын дарга асан
- Нэргүйн Ууганбаяр ЭЦГ-ын дарга асан
- Дашнамжилын Цогтбаатар Хэлмэгдэгсдийн холбооны тэргүүн
- Өлзийбатын Энхтөр ЦЕГ-ын дарга асан
- Гэлэгийн Баасан АТГ-ын Олон нийтийн зөвлөлийн дарга
- Зандаагхүүгийн Энхболд ЕТГ-ын дарга
- Базарсадын Жаргалсайхан БНН-ын дарга
- Дашпүрэвийн Пүрэвбаатар өмгөөлөгч
Мөн олонхийн санал авч эхний 10-т орсон нэр дэвшигчдийн зарим нь төрийн албанд 15-аас доошгүй жил ажилласан байх, эрх зүйч мэргэжилтэй, сүүлийн таван жил улс төрийн албан тушаал эрхлээгүй байх зэрэг шаардлагыг хангахгүй байгааг дурьдаад хамгийн олон санал авсан хоёр нэр дэвшигчийн Монгол Улсын Ерөнхийлөгч АТГ-ын дарга, дэд даргаар томилуулахаар УИХ-д өргөн барина гэдгийг зарлажээ.
ҮАБЗ-ийн ажлын албаны дарга Д.Даваа-Очирын хувьд хорих ангид хоригдлуудыг хянан харгалздаг хуяг хийж байсан. Сүүлд ШШГЕШ-ын дэд дарга бөгөөл Тогтоол гүйцэтгэх газрын даргаар ажиллаж байхад нь Х.Тэмүүжин сайд болоод чөлөөлж Төрийн албаны зөвлөл рүү “цөлсөн” байдаг. Харин Х.Баттулгатай хамт төмөр замын асуудлаар АТГ-д байцаагдаж байсан А.Гансүх ҮАБЗ-ийн даргаар томилогдсоныхоо дараа АН-ын дарга С.Эрдэнийн хүсэлтээр Ажлын албаны даргаараа авсан аж. Энэ удаагийн нэр дэвшүүлэлтэд цойлоход нь ч бас С.Эрдэнэ даргын хувь нэмэр их байв. Хэвлэлийнхний дунд “Олон овоотын Даваа-Очир” гэж нэрлэгдсэн нь “Монгол газар”-ын Ц.Мянганбаяр, “Жаст”-ын Ш.Батхүү нартай холбоотой бололтой. Бас нэг бизнесийнхний гар хөл.
Хоёрдугаарт жагссан хурандаа Ж.Батсайханы хувьд ч мөн шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад олон жил ажилласан, нэр дэвшүүлэлт явж байх үед “АТГ-ын даргад нэр дэвших хүн” гэсэн мессежийг сайтуудаар тараагаад байсан нь өнөөдөр биеллээ олж байгаа бололтой. Сүүлд ШШГЕГ-ын дэд даргаар томилогдсон ч Ц.Нямдорж сайд болоод ажлаас нь чөлөөлсөн юм байна.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас угшилтай ийм хоёр хүнийг Ерөнхийлөгч АТГ-ын дарга, дэд даргад нэр дэвшүүлэхээр болж байгаа бололтой. Ингэхэд АТГ ял эдлүүлдэг байгууллага бил үү? (Байгуулагдаад 10 жил болж байгаа энэ газарт яахаараа өөрийн гэсэн мэргэшсэн боловсон хүчин байдаггүй юм, ямар ганцхан жил болж байгаа ч биш)
Мэдээж араас нь “сахал” хэмээх Б.Билэгт, ЭЦГ-ын дарга асан Н.Ууганбаяр нар жагсаж байна. Х.Тэмүүжинг Хууль зүйн сайд байхад нь сайдынхаа эсрэг гүйцэтгэх ажиллагаа явуулж, хүүхэн шуухантай холбон УИХ дээр огцруулах асуудал хүртэл оруулж ирж байсан “их гарын” тоглогчид доо. Захиалагч нь одоогийн манай Ерөнхийлөгч гэх юм билээ. Тэдний хэрэг одоо хэр нь ТЕГ-ын архивт хадгалагдаж байгаа. Х.Тэмүүжин лав гомдлоо татаж аваагүй, тагнуулынхан ч хэргийг нь хаагаагүй.
Ингэхэд Ерөнхийлөгчийн нэртэй нэг хавтаст хэрэг ч гэсэн АТГ-ын хар дансанд байгаа гэдгийг Х.Энхжаргал сануулсан. Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа дуусмагц хавтсыг нь нээж салхи оруулах хэрэгтэй болно.
Б.ЗАЯА
Сэтгэгдэл (27)