Тулгар төрийн 2228, Их Монгол Улс байгуулагдсаны 813, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо зарлан тунхагласны 108, Ардын хувьсгалын 98 жилийн ойн баяр наадмын нээлтийн үйл ажиллагаанд /2019.07.11/ УИХ-ын дарга Г.Занданшатар оролцож, үзэж сонирхлоо.
Наадмын нээлтийн үйл ажиллагааны дараа УИХ-ын дарга Г.Занданшатар сурын талбайд зочлов. Энэ үеэр монгол төрийн уламжлалын дагуу нум эвшээлгэн, сум тавьж, наадамчин олондоо хүндэтгэл үзүүллээ.
Үүний дараа шагайн асарт саатаж, харвах үеэрээ таван бай оноход наадамчин олон уухайлан баяр хүргэлээ. Шагайн харваа үндэсний баяр наадмын нэгэн төрөл болоод 21жил болж байгаа билээ.
Энэ үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар хэвлэлийнхэнд ярилцлага өглөө. Тэрбээр монгол түмэн, наадамчин олноос цог хийморь, баяр жавхлан илт мэдрэгдэж байгаа нь сайхан цаг ирж буйн илрэл хэмээн бэлгэшээж байгаагаа дурдаад, улс орон маань цэгцэрч, тэгшрэхийн ерөөлийг дэвшүүллээ.