x

Төсвийн тэнцэл ашигтай гарсан нь өрийг багасгах нөхцөл бүрдсэнийг илэрхийлж байна

УИХ дахь МАН-ын бүлгийн ажлын албаны зөвлөх Л.Эрдэнэбаяртай ярилцлаа.

-Засгийн газраас 2019 оны 4-р сарын 30-ний өдөр Өрийн удирдлагын 2019-2022 оны стратегийн баримт бичгийн төслийг УИХ-д өргөн мэдүүлсэн. Баримт бичгийн зорилго нь юу вэ?

-Өрийн удирдлагын тухай хуульд заасны дагуу манай улс 3 жил тутамд өрийн удирдлагын стратегийн баримт бичгийг батлан хэрэгжүүлж байна. Өмнө нь энэ асуулаар Засгийн газар 2016-2018 оны стратегийн баримт бичгийг УИХ-аар батлуулан хэрэгжүүлсэн юм. Тиймээс энэ удаа өрийн удирдлагын хоёр дахь баримт бичгээ хэлэлцэн батлана гэж ойлгож болно.

Засгийн газрын өрийн удирдлагын дунд хугацааны зорилт, түүнийг хэрэгжүүлэх арга замыг тодорхойлсон баримт бичиг байх юм. Баримт бичгийн төсөлд ирэх жилүүдэд макро эдийн засгийн тогтвортой байдлыг хадгалж, Засгийн газрын өрийг эрсдлийн хамгийн бага түвшинд хамгийн бага зардлаар санхүүжүүлэхэд чиглүүлнэ гэж үндсэн зорилтоо тодорхойлсон.

-Өрийн удирдлагын талаар өмнөх баримт бичгийн хэрэгжилтийг хэрхэн дүгнэж байна вэ?

-Эдийн засгийн өсөлт үндсэндээ зогсонги байдалд орж, өрийн хямрал нүүрэлсэн хүнд цаг үед 2016-2018 оны өрийн стратегийн баримт бичгийг хэрэгжүүлсэн. Засгийн газар өндөр үнийн дүн бүхий өрийн дарамтад орж төлбөрийн чадваргүй болсон байв. Монгол Улсын зээлжих зэрэглэл хэд дахин буурч, хугацаа тулсан өрөө дарах зээлийн эх үүсвэр олоход маш төвөгтэй нөхцөл байдал үүссэн. Засгийн газрын санхүүгийн асуудал хүндэрсэн ч аль болох өрийн хэмжээг нэмэхгүй байх чухал байсан. Өрийн хэмжээг бууруулж чадахгүй ч өрийн нөхцлийг сайжруулах, тухайлбал өндөр хүүтэй зээлийг бага хүүтэй зээлээр солих, зээл төлөх хугацааг уртасгах, өрийн зөв удирдлага хэрэгжүүлж хугацаа тулсан өрөө дарах асуудал тулгарсан. Монгол Улс хугацаа тулсан өрөө төлж чадахгүй бол дефолт гэж нэрлэдэг дампуурлаа зарлахад ойрхон байна гэж гадаад, дотоодын хэвлэлд бичиж байсан. Харин одоо эргэн харахад өнгөрсөн хугацаанд УИХ, Засгийн газар олон улсын хамтарч ажилласны дүнд дээрх асуудлуудыг үндсэндээ шийдэж чадсан байна. Өрийн хэмжээг нэмэгдүүлээгүй, өрийн бүтцээ сайжруулж чадсан, хугацаа тулсан өрийн асуудлаа амжилттай шийдсэн. Товчоор дүгнэхэд Засгийн газар 2016-2018 оны өрийн стратегийн баримт бичгийг харьцангуй амжилттай хэрэгжүүлсэн гэж үзэж байна.

-Засгийн газрын өрийн хэмжээ хэд байгаа вэ, сүүлийн жилүүдэд өрийн хэмжээ хэрхэн өөрчлөгдөж байгаа вэ?

-Засгийн газрын өрийн хэмжээ 2019 оны I улирлын байдлаар 22.3 орчим их наяд төгрөг байна. Хэдийгээр 2016, 2017 онд Монгол Улсын төсвийн алдагдал их байсан ч Засгийн газар өрийн бодит хэмжээг нэмэгдүүлээгүй 2016 оны түвшинд барьж чадсан. Монгол Улс 2017 онд Олон улсын валютын сангийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрт хамрагдснаар төсвийн сахилга батыг бэхжүүлж, үргүй зардлыг бууруулсан. Төсвийн хуримтлал бий болгож, Засгийн газрын өрийн хэмжээг бодитоор багасгах алхам хийгдэж эхэлсэн. Монгол Улсын нэгдсэн төсвийн тэнцэл сүүлийн арван жилд анх удаа 2018 онд ашигтай гарсан нь цаашид Засгийн газрын өрийн хэмжээг бодитоор бууруулах нөхцлийг бүрдүүлж чадсан гэсэн үг. Түүнчлэн 2019 оны I улирлын байдлаар төсвийн орлого 200 орчим тэрбум төгрөгөөр давж биелсэн байгаа нь эдийн засгийг өсгөж, өрийн хэмжээг бууруулах зорилт амжилттай хэрэгжиж байгааг илэрхийлж байна.

-Засгийн газрын өрийн хэмжээ дотоодын нийт бүтээгдэхүүний хэдэн хувьтай тэнцэж байгаа вэ?

-Өрийн хэмжээ 2016 онд дотоодын нийт бүтээгдэхүүний 93.1 хувьтай тэнцэж байсан. Өрийн хэмжээ дотоодын нийт бүтээгдэхүүнтэй бараг тэнцүү болсон байсан. УИХ-аас эдийн засгаа сэргээн, төсвийн орлого нэмэгдүүлэх зорилт тавьж 2016 оны 11 сард Эдийн засгийг сэргээх хөтөлбөр батлаж хэрэгжүүлснээр 2017 оны эцэс гэхэд макро эдийн засгийг тогтворжуулж чадсан. Мөн экспортын эрдэс түүхий эдийн дэлхийн зах зээлийн үнэ өссөн нь орлогод сайнаар нөлөөлсөн. Эдийн засгийн өсөлт бий болж сүүлийн гурван жилд дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ 23.9 их наяд төгрөгөөс 32.2 их наяд төгрөг хүрч өссөн. Засгийн газрын өрийн хэмжээ 2018 оны байдлаар дотоодын нийт бүтээгдэхүүний 69.5 хувьтай тэнцэж байна. Монгол Улсын өрийн эрсдэл төдий хэмжээгээр буурч байгаа гэж ойлгож болно. Дотоодын нийт бүтээгдэхүүнтэй харьцуулсан өрийн хэмжээг ихээхэн бууруулж байгаа нь томоохон амжилт юм. Хэрэв олон улсын аргачлалаар өрийн хэмжээг өнөөгийн цэвэр үнэ цэнээр илэрхийлбэл Засгийн газрын өрийн хэмжээ ба дотоодын нийт бүтээгдэхүүний харьцаа 58.9 хувьтай болж буураад байна.

-Засгийн газрын өрийн хэмжээг бусад улстай харьцуулахад ямар түвшинд байгаа вэ?

-Олон улсын валютын сан, Дэлхийн банкнаас баталсан улс орнуудын өрийн хэмжээ ба дотоодын нийт бүтээгдэхүүний харьцааны шалгуур үзүүлэлт гэж байдаг. Манай улс шиг хөгжиж буй орны хувьд өрийн хэмжээ дотоодын нийт бүтээгдэхүүний 35 хувиас бага байвал боломжийн, 35-70 хувь бол эрсдэлтэй, 70-аас их хувьтай тэнцэж байвал аюултай гэж үздэг.  Монгол Улсын өрийн хэмжээ 2016 онд аюултай түвшинд хүрсэн байсан. Дээр дурьдснаар сүүлийн хоёр жилд энэ үзүүлэлт сайжирч 70 хувиас бага болсон учир аюулын түвшингээс гарсан. Гэхдээ эрсдэлтэй түвшинд байгаа учир тайвширч болохгүй. Түүнчлэн хувийн хэвшлийг оролцуулсан улсын нийт өрийн хэмжээг дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээтэй харьцуулахад аюултай түвшинд байгааг бас анхаарах хэрэгтэй.

-Сангийн сайд Ч.Хүрэлбаатар дотоодын арилжааны банкуудаас Засгийн газар өндөр хүүтэй зээл авдгийг зогсооно гэж мэдэгдэж байсан. Дотоод өрийн хэмжээ яаж өөрчлөгдөж байгаа вэ?

-Засгийн газар 2016 оноос эхлэн дотоодын үнэт цаас гаргах, арилжааны банкнаас өндөр хүүтэй зээл авахыг зогсоосон. Түүнээс өмнө дотоодын зах зээлээс 14-30 хоногийн хугацаатай 15 хүртэл хувийн хүүтэй мөнгө авдаг байсан. Богино хугацаатай Засгийн газрын үнэт цаас гарган арилжаалж дараа нь өндөр үнээр буцаан худалдан авдаг байсан. Эдгээр нь Засгийн газрын өрийн үйлчилгээний төлбөрийг ихэсгэж, өрийн дарамтыг нэмдэг байсан.  

Сангийн яам дээрх шийдвэрийг амжилттай хэрэгжүүлж 2017 оны 10-р сараас эхлэн Засгийн газрын дотоод үнэт цаасны арилжааг зогсоосон. Үүний дүнд Засгийн газрын дотоод өрийн хэмжээ ихээхэн буурч байна. Дотоод өрийн хэмжээ 2016 онд 5.8 их наяд төгрөг байсан бол дараа онд нь 3.5 их наяд, 2018 онд 1.6 их наяд төгрөг болж буураад байна. Засгийн газрын нийт өрөнд дотоод өр 26 хувь эзлэж байсныг бууруулж 7 орчим хувь болгоод байна.

-Засгийн газрын нийт өрийн хэмжээ багасаагүй бас нэмэгдээгүй байгаа. Гэтэл дотоодын өрийн хэмжээ багассан болохоор гадаад өрийн хэмжээ нэмэгдсэн гэж ойлгож болох уу?

-Үүнийг Засгийн газрын өрийн нөхцлийг сайжруулж байгаа арга гэж ойлгож болно. Өөрөөр хэлбэл өндөр хүүтэй, богино хугацаатай зээлийг урт хугацаатай хүү багатай зээлээр сольж чадсан гэсэн үг. Засгийн газар дотоодын өндөр хүүтэй үнэт цаасны зарим хэсгийг хугацаанаас нь өмнө худалдаж авсан. Зээлийн жигнэсэн дундаж хүү дотоодын зээлийнх 12.2 хувь байхад, гадаад зээлийнх 3.6 хувь байна. Монгол Улс Олон улсын валютын сангийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрт хамрагдаж донор орнуудаас хөнгөлөлттэй зээл авах бололцоог нээж чадсан. Зээлийн нөхцлийг сайржуулах боломжтой болсон. Хөтөлбөрийн хүрээнд Азийн Хөгжлийн Банк, Дэлхийн Банк, Япон Улс, БНСУ, БНХАУ-аас нийтдээ 5.5 орчим тэрбум ам.долларын хөнгөлөлттэй нөхцөлтэй зээл авах боломж нээгдэж амжилттай хэрэгжиж байна. Цаашид ч өрийн нөхцлийг сайжруулах, бага хүүтэй зээлээр солих, зээлийг хугацааг уртасгах талаар Засгийн газрын өрийн удирдлагын 2019-2022 оны стратегийн баримт бичгийн төсөлд тусгасан байгаа.

-Гадаад өр, зээлийн эргэн төлөлт хугацаандаа хийгдэж байгаа юу?

-Монгол Улсын гадаад  өрийг дотор нь хоёр хувааж болох юм. Эхний хэсгийг хандивлагч орон, олон улсын валют, санхүүгийн байгууллагад тавьсан өр, нөгөө хэсэг нь олон улсын хөрөнгийн зах зээлд Засгийн газрын бондыг гаргах замаар босгосон арилжааны өр болно. Өрийн эхний хэсэг нь харьцангуй хүү багатай, холбогдох орон, олон улсын байгууллагатай ярилцан хойшлуулах бололцоотой байдаг бол, хоёр дахь хэсэг нь өндөр хүүтэй, хатуу нөхцөлтэй байдаг тул тэдгээрийг ямагт хугацаанд нь буюу тодорхой нэг өдөр төлөх ёстой.

Засгийн газар анх 2012 оны 12 сард Чингис бонд гаргаж 4.1-5.1 хувийн хүүтэй арилжааны зээл авсан байдаг. Дараа нь 2015 онд Димсам бондыг 7.5 хувийн хүүтэй, 2016 оны 4 сард Мазаалай бондыг маш өндөр буюу 10.9 хувийн хүүтэй гаргасан байдаг. Сонгуулийн дараа Засгийн газар байгуулагдснаас хойш арилжааны зориулалттай бонд гаргахыг хориглосон бөгөөд зөвхөн өмнөх өрийг дарах зорилгоор хоёр удаа бонд гаргасан. Тухайлбал 2017 онд Чингис бондын эхний хэсгийг дарах зорилгоор Хуралдай бондыг, Димсам бондыг өрийг дарах зорилгоор Гэрэгэ бондыг 5.6-8.7 хувийн хүүтэй гаргаж өрийг цаг хугацаанд нь дарсан байгаа.

-Засгийн газрын өр, зээлийн хүүг яаж бууруулах вэ?

-Өнгөрсөн хугацаанд Засгийн газар өндөр хүүтэй зээлийг бага хүүтэй зээлээр солих чиглэлээр сайн ажилласан. Үүний дүнд гадаад, дотоод өрийн жигнэсэн дундаж хүүг 4.3 хувь болгон бууруулж чадсан байна. Өрийн удирдлагын 2019-2022 оны стратегийн баримт бичгийн төсөлд өрийн дундаж хүүг 3.4-3.8 хувь болгон бууруулахаар төлөвлөсөн байна.

Үүнээс гадна Засгийн газар өрийн эргэн төлөгдөх дундаж хугацааг уртасгах чиглэлээр ажиллаж байна. Өнөөгийн байдлаар дотоодын зээлийн эргэн төлөгдөх хугацаа 5 жил, гадаад зээлийн эргэн төлөгдөх хугацаа 8 жил байгаа. Баримт бичгийн төсөлд нийт зээлийн эргэн төлөлтийн дундаж хугацааг 8.6 жил болгож уртасгахаар төлөвлөсөн. Баримт бичгийн төслийг УИХ-аар хэлэлцэн батлах үед дунд хугацааны өрийн стратеги тодорхой болно. Шинээр батлагдах баримт бичгийг өмнөх баримт бичгийн адил үр дүнтэй хэрэгжүүлэх нь чухал юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Говь-Алтайчууд сар бүрийн эхний өдөр үндэсний хувцсаа өмсөнө 4 мин Оливер Корфф: Үндсэн хууль нь баримтлах ёстой хуулиас илүү гүн утгыг агуулдаг 25 мин ӨМНӨГОВЬ: Хүйтний эрч эрс чангарна 13 цаг 27 мин ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа 18 цаг 41 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав 18 цаг 58 мин С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асуудалтай холбоотой 19 цаг 41 мин Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал 19 цаг 51 мин Номын хураангуй: The Power of the Other Уржигдар 21 цаг 30 мин Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх сургагч багшийн хөтөлбөрт 105 хүн хамрагдаж байна Уржигдар 12 цаг 57 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдад одон, медаль гардуулав 2024-11-22 ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ 2024-11-22 Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав 2024-11-22 ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа 2024-11-22 Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ 2024-11-22 Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ 2024-11-22 Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална 2024-11-22 1968 оны Чехословакийн хавар 2024-11-22 Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ 2024-11-22 Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав 2024-11-22 В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн 2024-11-22
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй
Top