x

М.Батсайхан: Б.Хурцад загнуулаад сууж байгаа УИХ-ын гишүүдийн өөрсдийнх нь буруу

-С.Зоригийг хөнөөсөн нь Монголын төрд тэрсэлсэн хэрэг-

Тагнуулын ерөнхий газрын даргаар ажиллаж байсан, бэлтгэл хурандаа М.Батсайхантай ярилцлаа.

-ТЕГ-ын даргаар ажиллаж байсан, хошууч генерал Б.Хурц өнгөрсөн долоо хоногт УИХ-ын Байнгын хорооны хурлын үеэр гишүүдтэй холбоотой хэд хэдэн ноцтой зүйл ярьсан нь олны анхаарал татаад байгаа. Ер нь тагнуулын байгууллагад ажиллаж байсан хүн албаны шугамаар олж авсан мэдээллээ хамаагүй задлаад байж болдог юм уу?

-Тагнуулын байгууллагын удирдлагын мэдэгдэл гэдэг чинь маш ноцтой. Ер нь бол энэ байгууллагын ажилтан, албан тушаалтнууд улсаас олгосон эрх хэмжээний хүрээнд олж мэдсэн баримт материалуудыг хууль бусаар ашиглах, хувийн сонирхлоор, сэтгэл хөөрлөөр ашиглах явдал байх ёсгүй. Б.Хурцын гаргасан асуудлыг би зөвтгөх ч арга алга, буруутгах ч зүйл алга.

Үндсэндээ нийгэм маань ийм болчихоод байна. Үүнд гайхаж шагшраад байх зүйл огт байхгүй. Тагнуулын мэргэжлийн байгууллагыг удирдаж байсан хүний хувьд Б.Хурц сэтгэл хөөрөл, уур бухимдлаа барих нь зүйтэй байсан гэж бодож сууна.

Аливаа төрийн байгууллага, тэр дундаа төрийн тусгай албанд өөрийн гэсэн дархлаа байдаг ч эцсийн эцэст энэ гарч буй явдал бол нийгмийн тусгал шүү дээ. Б.Хурц бол өнөө цагийн бүтээгдэхүүн юм болов уу даа, би тэгж л ойлгоод байна.

-Та дипломат алба хашиж байсан хүн. Тийм албан тушаалтан болохын тулд олж авсан энэ мэдээллээ ингэж хамаагүй задалж болох уу?

-Би Б.Хурцыг албан тушаалд очихын тулд бусдыг дарамталсан гэж ойлгохгүй байгаа. Тэр дуугүй сууж байсан бол өдийд томилогдоод явчих байсан ч юм бил үү. Дуугарах хэрэг байсан бололтой. Яах гэж тэгснийг нь хэлж мэдэхгүй юм.

-Төрийн түшээдийн муу муухайг илчлэх нь зөв гэж үзэх хүмүүс ч бас байна л даа.

-Тэр өнцгөөс нь үзэхэд болохгүй гэх газаргүй. Гэхдээ л гаргасан үйлдэл нь тагнуулын байгууллагын ажилтны ёс зүй, хуульд нийцэхгүй. Айлган сүрдүүлэх, бусдыг дарамтлах гэх зэрэг үйлдэл гаргах нь хориотой шүү дээ.

Ингэж авирлуулахын тулд тэднийг тусгайлсан эрх мэдлээр хангаагүй. Тэдэнд олгосон эрх мэдлийг ажилдаа л хэрэглэх ёстойгоос биш, олж авсан мэдээллээрээ бусдыг дарамтлан сүрдүүлж болохгүй.

-Тагнуулын байгууллага өнөөдөр хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж чадаж байна уу. Аль эсвэл энэ их улстөржилтийн дунд гар, хөл, нүд чих нь ажиллахаа болив уу?

-Тагнуулын байгууллагын үйл ажиллагааны үндсэн зарчим нь нууцлал шүү дээ. Энд ард түмнээс нуух асуудлыг ярьж байгаа юм биш. Төр улс гэж байгаа юм бол өөрийгөө хамгаалах хэрэгсэл байх ёстой. Аль ч улсад амьдрал үүнийг шаарддаг. Улс гүрнүүдийн дунд зөрчил, тэмцэл их байна.

Тэр дунд оршин тогтнохын тулд улс орон ард иргэдээ амар тайван байлгах, нийгмийн тогтолцоо, эрх ашгаа хамгаалах, бусадтай эрх тэгш харилцах, сайн хөршийн харилцаатай байх гээд амьдралын олон зарчмыг хэрэгжүүлэхийн тулд тагнуул, цагдаагийн байгууллага нийгмийн хэв журмыг сахиулж байх ёстой.

Ардчилсан нийгэмд бол тэр байгууллагын үндсэн үүрэг нь ард иргэдийн амгалан тайван, чөлөөтэй аж төрөх амьдрах нөхцөл бололцоог хангаж өгөх л үүрэгтэй. Чиг үүрэг нь өөр ч гэсэн манайх руу гадаадаас зэвсэг хангинуулаад ороод ирвэл Зэвсэгт хүчин хөдлөх ёстой.

Үүнээс гадна манай улсын ашиг сонирхол бусад улстай ил цагаан зөрчилддөггүй ч, улс орны бодлогод нийцэх, нийцэхгүй зүйл гэж бас байж болно. Тиймэрхүү явдал амьдрал дээр харагдаж л байна. Тийм нөхцөлд манай улсад гаднын далд, нууц халдлага үйлдэгдэж болзошгүй.

Нууц, далд халдлагуудыг илрүүлж, таслан зогсоох ажил бол тагнуулын байгууллагын үүрэг. Тагнуулын байгууллагад оноосон үүрэгт тодорхой хэдэн зорилт бий. Тагнуулын ажил хийх, сөрөх тагнуулын үйл ажиллагаа явуулах, төр, нийгмийн аюулгүй байдлыг хангах ажиллагаа багтдаг.

Одоо бол тангараг өргөдөг ч гэсэн замбараагүй болчихлоо. Хүн болгон өөрийн бодлогыг хэрэгжүүлээд л, мэддэг чаддаг хүн нь ч олон болжээ. 100 айлын барилгын материалын дэлгүүрүүдийн үүдээр “Би чадна” гэсэн хүмүүс байдаг даа. Төрийн ордонд маань тэдэн шиг “би чадна” хэмээгчид орж суучихаад байна шүү дээ.

“Би чадна” л гэдэг, чадаж нь хаана байна. Манай улс маш их баялагтай хэрнээ зээлээр л амьдарч байна. Тэр их баялагтаа эзэн нь болж чадахгүй л байгаа шүү дээ. Баялгийг нь гадаадын хэн дуртай нь орж ирээд л цөлмөөд байдаг. Байгалийн баялгаа хүнд эзэмшүүлчихээд, тодорхой хувийг нь авна л гэдэг, Өөрсдөө өрөнд орчихоод, баялгаасаа одоо биш, 20, 30 жилийн дараа хувь хүртэнэ гээд яриад сууж байна.

Ардчилал гэдэг олонх нь цөөнхийнхөө үгийг сонсдог, цөөнх нь олонхдоо захирагддаг зарчмыг хэлж байна гэж би ойлгодог. Гэтэл өнөөдөр байдал ямар байна вэ. Худал нь үнэн болж, үнэн нь нь худал болон хувирчихаад байна. Ингэхээр иргэдийн толгой эргэж, баримжаа нь бүрэн алдагдах боллоо. Нийгэм тэр аяараа улстөржчихсөн. Бүгд нам, бүлэглэл, үзэл бодлоороо хуваагдчихаад байх юм.

Уг нь Монгол Улс маань нэгдмэл нэг л улс шүү дээ. Гэтэл дээрх байдлаар хэд хуваагдчихсан байна. Төрийн өндөрлөг, эрх мэдэл рүү түнтгэр халаастай хүмүүс яагаад зүтгээд байгаа юм бэ. Улсаа хөгжүүлэх гээд байна уу, өөрсдийгөө улам баяжуулах гээд байна уу гэдгийг бодох л ёстой. Хуучин тогтолцооны үед бий болгосон үндэсний үйлдвэрүүдэд эзэн суусан хэдэн хүн төрийн өндөр албан тушаалуудад очоод суучихлаа.

УИХ-д хамгийн хүндтэй, хамгийн сайн хүмүүс байх ёстой биз дээ. Засгийн газрын тэргүүнээр У.Хүрэлсүх гэдэг залуу гарч иэхдээ бүлэглэлүүдийг ханз татчих юм шиг л байсан. Гэтэл бас л гар хөл нь хүлээтэй л юм шиг байна. Нам, намаас сүлэлдсэн бүлэглэлүүд байна гэдэг үнэн л болж таараад байгаа юм.

-Тагнуулын байгууллага улстөрчдийг л тагнаж чагнадаг болсон гэж Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж хэлсэнийг хүлээн зөвшөөрөх үү?

-Тагнуулын байгууллагад ажиллаж байгаа залуучууд цаг үеийн бүтээгдэхүүнүүд. Өнөөдрийн нийгэм маань тэднийг ийм байх ёстой, тийм байж болохгүй гэж хэлж болохгүй болчихоод байна. Улс төр нь ийм болгоод байна. Бидний үед тагнуулын байгууллага хээл хахууль авлигад өртөөгүй, өөрийнхөө дархлаагаар байсан цөөхөн байгууллагын нэг байв. Түүнээс хойшоо их сонин, сонин зүйл дуулддаг болсон.

Тагнуулын байгууллагын нэр алдар, сүр хүчийг хувийн зорилгодоо ашигладаг, мөнгө олох хэрэгсэл болгож, бараг л үнэ ханш тогтооон юм шиг байна. Мөнгөөр янз бүрийн зөвшөөрөл олгодог. Ингэхлээр л тагнуулын байгууллагын утга учир алдагдаад байгаа юм. Тангараг нь ёс төдий зүйл болж хувирлаа.

Тагнуулын байгууллагынхныг тангараг, хууль журамдаа захирагдаж байна уу гэдгийг шалгах газар алга. УИХ-д Тусгай хяналтын дэд хороо гэж байдаг ч тэнд байгаа хүмүүс өөрсдийнхөө бөгсийг хамгаалуулах л зорилготой. Арай ийм байж болохгүй л дээ.

Сүүлийн үеийн тагнуулын байгууллагын байдал их л гэрэл гэгээгүй л харагдах боллоо. Хуулийн байгууллагын дарга хүн УИХ-ын гишүүдийг загнаад сууж байгаа нь Б.Хурцын буруу байж магадгүй. Түүнд тэгэж хэлүүлээд сууж байгаа төрийн түшээдийн өөрсдийнх нь буруу л даа. Тагнуулынханд “бөлдөгдүүлцэн” эрх баригч нар гэж хаашаа харсан юм байдаг юм.

Тагнуулын байгууллага гэдэг ард иргэдийнхээ төлөө хүчин зүтгэх үүрэгтэй атлаа үндсэн үүргээ биелүүлэхгүй бол хариуцлага тооцох л ёстой. Ийм орчин, нөхцөлд улс орноо авч явах байгууллага хамт олныг бүрэлдүүлэх гэдэг маш зовлонтой болчихжээ. Байгууллага дотор нөгөө бүлэглэл чинь бий болчихоод байна.

Энэ байгууллага дотор зодоон нүдээн болно, бие биенээ хилсдүүлэх гэх мэт зүйлс гарч байгаа л дуулдах болсон. Уг нь хатуу чанд сахилга баттай, цэргийн дүрмээр ажилладаг байгууллага шүү дээ. Гэтэл дотроо ийм явдал гарч байгаа нь эрүүл бус үзэгдэл.

ТЕГ-ын даргаар сая Д.Гэрэлийг томиллоо. Мэргэжлийн хүн томилогдсон болохоор тус байгууллагад үүссэн энэ завхрал, замбараагүйтлийг цэгцэнд нь оруулах байх гэж харж байна.

-Тус байгууллагыг удирдаж байхад Б.Хурц ажиллаж байсан байх аа. Удирдах албан тушаал хашиж байсан хүн түүний талаар ямар бодолтой байв?

-Би Б.Хурцыг сайн мэднэ. Намайг ТЕГ-ын даргаар томилогдоход ажиллаж байсан. Бусдаас өөр зан байдал, яриа хөөрөө ажиглагдаагүй. Харин ч манай байгууллагад ажиллах дур сонирхолтой гэж хүн ойлгож байсан.

-Тагнуулын ерөнхий газар гэдэг нэрэнд шүүмжлэлтэй ханддаг хүмүүс бий. Үүнд та ямар бодолтой явдаг бол?

-Улс орны аюулгүй байдлыг хангах, төр, засгийн удирдлагыг үнэн, зөв мэдээллээр хангаж байх ёстой тагнуулын байгууллагыг манайхан ТЕГ гээд нэрлэчихсэн. Өмнө нь Нийгмийг аюулаас хамгаалах яам (НАХЯ) гэж байсан. Хуучин тогтолцооны үеийн юм болгон буруу, муу, захиргаадалтынх гээд нэрийг нь өөрчилсөн юм шүү дээ. Манай энэ байгууллагын тогтолцоо чинь яг тагнуулын байгууллагынх биш байхгүй юү.

Би ТЕГ-ыг удирдаж байхдаа нэр устай зууралдаад яах вэ гээд хөөцөлдөөгүй юм. Угтаа бол манайх тагнуулынх биш, аюулаас хамгаалах байгууллага. Дэлхийн зарим улс орныг дуурайгаад заавал тагнуулын гэсэн нэртэй байна гээд л ийм нэртэй болсон. Ер нь болжморыг бүргэд гээд нэрлэчихвэл бүргэд болчих юм уу, хаашаа юм.

Энэ том гүрнүүд чинь хаа нэгтэй мэдээллийн эх сурвалжтай болохын тулд ямар их мөнгө цацдаг гэж бодно. Жишээ нь, нэг үзэсгэлэнд очоод шинэ техник технологийг мэддэг хүнд цүнх цүнхээр мөнгө өгөөд л нууцыг нь худалдаж авах тохиолдол бий.

-УИХ-ын гишүүн, Дэд бүтцийн сайд С.Зоригийн амийг бүрэлгэсэн хүмүүст холбогдох хэргийг гурван шатны шүүх хэлэлцэн шийдвэрлээд байгаа. Түүнийг хөнөөсөн хэрэгт холбогдуулж Францаас Д.Энхбат гэдэг хүнийг бараг л хулгайлж авчирсан. Тэр ажлыг гардан гүйцэтгэсэн хүмүүсийн дотор өнөөгийн энэ дуулианы эзэн Б.Хурц генералыг явсан гэж хамгийн сүүлд Ж.Батзандан гишүүн ярилаа шүү дээ. Талийгаач Д.Энхбатыг сэжиглэн авчрах үндэслэл байсан юм уу?

-Ж.Батзандан гишүүний ярьсан “Б.Хурц хүн дарамталж юмыг нь булаадаг” энэ тэрийг нь бол мэдэхгүй юм. Янз бүрийн зүйлээр ТЕГ-ын даргаар ажиллаж байсан хүнийг буруутгаж байна лээ. Хоёр зүйл дээр би Ж.Батзандангийн хэлснийг үгүйсгэмээр байгаа юм. Нэгдүгээрт, Дамирангийн Энхбат гэх нөхрийг нууцаар авчирсан гэх асуудал. Б.Хурц ганцаараа яваад авчраагүй, тэнд явж байсан хүмүүсийн дунд л үүрэг гүйцэтгэсэн.

Тэдний авчирсан хүн нь ч жирийн нэг иргэн байгаагүй. Д.Энхбат гэдэг хүнийг авчран шалгах ажиллагаа намайг ТЕГ-ыг удирдаж байхад болсон асуудал. Хүн хэлмэгдүүлж, хилсдүүлсэн, олон улсын хууль дүрэм зөрчсөн, талийгаачид С.Зоригийг хөнөөсөн хэргийг тохох, цаашлаад “Цагаан шонхор”-ын Ч.Энхтайван, Ерөнхий сайд асан М.Энхсайхан нарыг уг хэрэгт холбогдуулах гэж байсан.

Тагнуулынхан тийм зүйл ярь гэж тулгасан гээд л ярьж, бичдэг. Эрүүгийн гэмт хэрэгт удаа дараа ял шийтгүүлж байсан хүнээс бид тийм юм гуйгаад сууж байх уу. Очиж очиж тэр хүнээс “Чи тэгээд хэлчих” гэхгүй шүү дээ.

Д.Энхбат гэдэг хүн өөрөө нэр дурдагдсан хүмүүсийг эхэлж нэрлэсэн юм. Тэрбээр “Цагаан шонхор”-ын Ч.Энхтайван, М.Энхсайхан нар л хөнөөсөн гэж ойлгодог” гэж хэлсэн байдаг. Дараа нь тэр хүмүүстээ очоод “С.Зоригийг та нарыг алсан гэж хэл гээд байна” гээд өөрийгөө авч гарахын тулд юу ч ярьж чадна.

Эрүүгийн болон Эрүүгийн байцаан шийтгэх хуульд сэжигтэй этгээдийг албадан ирүүлэх гэсэн заалт бий. Талийгаач Д.Энхбат гэдэг хүн С.Зоригийг хөнөөсөн хэрэгт сэжиглэгдсэнээс гадна шүүхээс оноосон 12 жилийн ялаа эдлэлгүй алга болсон байсан юм. 12 жил хорих ял шийтгүүлсэн хүн яахаараа Францад оччихсон сууж байх вэ. Тэрбээр Шенгений виз аваад 1998 оны аравдугаар сарын 2-ноос хойш хил даваад явсан байдаг нь сэжиглэх нэг үндэслэл болсон байдаг юм билээ.

Тиймээс С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг шалгах ажлын хэсгийнхэн Д.Энхбатыг холбогдуулан тайлбар, мэдүүлэг, байцаалт авах болсон юм. Түүнийг хилийн чанадаас албадан ирүүлж шалгах ажлыг цагдаагийнхан хийх боломжгүй. Тиймээс гадаад тагнуулын байгууллагын шугамаар түүнийг авчрах ажлыг гүйцэтгэсэн. Монгол Улсын аюулаас хамгаалах байгууллага бол улс орныхоо хуульд захирагддаг болохоос биш, олон улсын хууль дүрэмд захирагддаггүй.

Дэлхийн тагнуулын хууль, дүрэмд тийм зүйл байхгүй. Дэд бүтцийн сайд С.Зоригийг хөнөөсөн нь ерөөсөө Монголын төрд тэрсэлсэн хэрэг. Түүнийг авчрахын тулд олон улсын хууль дүрэм зөрчсөн гээд байгаа нь зүйд нийцэхгүй. Тагнуулын байгууллага хуулиар хүлээсэн үүргээ л биелүүлсэн.

Уг хэрэгт маш олон хүн сэрдэгдэж, нэг хэсэг ТЕГ-ын даргаар ажиллаж байсан Б.Билэгт хүртэл Төв талбай дээр олны өмнө “Ч.Энхтайван, М.Энхсайхан нар холбоотой” гэж ярьж байсан шүү дээ. Д.Энхбатыг авчрахад оролцсон Б.Хурцын бүлэглэл гэж яриад байгаа ч цаад зорилго нь энэ хэргийг илрүүлэхийн төлөө өдөр шөнөгүй зүтгэсэн, хүмүүсийг л гутаах. Тэдний дунд бусдын даалгавраар ажиллаж байсан нь ч бий, буруу юм хийж байсан хүн ч байгаа.

Хорих ялаа эдлэлгүй зугтсан, хүн амины онц ноцтой хэрэгт сэрдэгдэж байгаа хүнийг улаан хивс дэвсэн, гуулин хөгжим тоглож угтах байсан юм уу. Одоо ч үнэн, худал нь холилдоод, ялгаж салгахад бэрх болж дээ. Хэвлэл мэдээллийнхэн Ж.Батзандангаас цаад эзнийг нь мэдэж байгаа юм уу гээд асуучихад буруудахгүй л байх.

-Тэр хүний гэм буруу нь шүүхээр тогтоогдоогүй байсан. Гэтэл хэвлэлээр хүн хулгайлсан гэж шуугиан дэгдэх болсон нь анхаарал татаж байна л даа.

-Энэ их дээрээс шидсэн чулуу байх. Нууцаар шалгаж байсан тагнуулын байгууллагын ажлыг зогсоож, хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацан задалж, мушгин гуйвуулсан нь мөрдөн байцаалтын ажиллагаанд саад учруулсан л үйлдэл. Гэтэл аюулаас хамгаалах байгууллагад ажиллаж байсан хүн хэвлэл мэдээллийн хэрэгслээр мушгин гуйвуулсан мэдээлэл цацсан юм шүү дээ.

-Энэ хэргийг улсын нууцад хамааруулах шаардлага байсан юм уу?

-Эрүүгийн гэмт хэрэг улсын нууцын зэрэглэлд ордог гэж би мэдэхгүй юм байна. Юуг нь нууцлаад байгаа юм бэ. Эсвэл улсын даалгавраар С.Зоригийг “нухчихсан” юм уу. Тэгээгүй бол энэ хэрэгт улсын нууц гэх ямар ч үндэслэл байхгүй.

-Ер нь иргэдийн дунд Ц.Амгаланбаатар гэдэг хүний зохиомол мэдүүлгээр хилсээр хүн шийтгэлээ гэх хандлага давамгайлж байгаа. Үүнд та ямар бодолтой байгаа бол?

-Хуулийн байгууллагын мөрдөгч, эрэн сурвалжлагч хүн ноцтой хэрэг илрүүлж л таашаал авдаг гэж ойлгодог. Зохиомлоор хэрэг илрүүлж, өөрийгөө хуурч суух ямар хэрэг байх вэ. Хэрэв зохиомол бол тэр нь өөрөө гэмт хэрэг. Б.Хурцын хувьд энэ гурван хүнийг гэмт хэрэг үйлдсэн гэдгийг нь тогтоон илрүүлсэн бол сайн л байна. Харин нийгмийг хуурч, Ц.Нямдорж сайдын яриад байгаачлан хилсдүүлсэн бол байж боломгүй үйлдэл.

-Хилийн тагнуул, цэргийн тагнуулын албыг ТЕГ-т нэгтгэх нь зөв үү, буруу байв уу?

-Хэнд, ямар ашигтайг би мэдэхгүй. Цэргийн тагнуул бол тагнуулын ажлын тусгай чиг үүрэгтэй, цэргийн мэргэжлийн маш өндөр боловсролтой хүн л удирдаж чадах ажил. Гэтэл одоо АТГ-ын даргаар ажиллаж байсан, цагдаагийн байгууллагын ажилтан удирдаж байгаа нь Зэвсэгт хүчний авлигачдыг илрүүлэх гэж байгаа юм болов уу хэн мэдэх вэ.

Ингэж нэгтгэснийг хилийн цэргийнхэн ч, Зэвсэгт хүчнийхэн ч таатай хүлээж аваагүй юм билээ.

unuudur.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (172.56.12.38)
    Aluuching tagnuuliin darga bolgoj baisan ni ene gazar tagnuul bish togloomiin gazar mafia uurhai bolsoniig gerchilne tseberegee hiij general hurandaa tsalnuudiig huraaj shorond buh nasaar ni hori ulsiin nuutsiig mafia hubiin zorilgoor ashiglaj ba
    2019 оны 05 сарын 07 | Хариулах
iШинэ мэдээ
Говь-Алтайчууд сар бүрийн эхний өдөр үндэсний хувцсаа өмсөнө 8 мин Оливер Корфф: Үндсэн хууль нь баримтлах ёстой хуулиас илүү гүн утгыг агуулдаг 29 мин ӨМНӨГОВЬ: Хүйтний эрч эрс чангарна 13 цаг 31 мин ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа 18 цаг 45 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав 19 цаг 2 мин С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асуудалтай холбоотой 19 цаг 45 мин Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал 19 цаг 55 мин Номын хураангуй: The Power of the Other Уржигдар 21 цаг 30 мин Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх сургагч багшийн хөтөлбөрт 105 хүн хамрагдаж байна Уржигдар 12 цаг 57 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдад одон, медаль гардуулав 2024-11-22 ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ 2024-11-22 Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав 2024-11-22 ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа 2024-11-22 Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ 2024-11-22 Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ 2024-11-22 Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална 2024-11-22 1968 оны Чехословакийн хавар 2024-11-22 Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ 2024-11-22 Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав 2024-11-22 В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн 2024-11-22
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй
Top