x

М.Оюунчимэг: Санхүүгийн зах зээл болон 33-39 хувийн хүүг цэгцлэх цаг нь болсон

УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэгээс хадгаламж зээлийн хоршоодын өнөөгийн байдал, санхүүгийн зах зээлд үүссэн асуудлын талаар зарим зүйлийг тодрууллаа.

-УИХ-ын Өргөдлийн байнгын хороогоор Хадгаламж зээлийн хоршоодын талаар мэдээлэл сонслоо. Тэгэхээр нөхцөл байдал нэлээд хүндхэн болжээ гэж ойлгож болох уу?

-Тийм. Өргөдлийн байнгын хороонд сүүлийн үед Хадгаламж зээлийн хоршооны гишүүнээр элссэн иргэдээс өргөдөл, гомдол нэлээд ирэх боллоо. Нэг жишээ нь “Монкорд” гэдэг хадгаламж зээлийн хоршооноос 173 иргэд нь төлөөлөл болж 3000 гишүүдийн 20 тэрбум төгрөгийн хохирлын асуудал яригдаж байна. Тэд удаа дараа хандаж хохирлын асуудлыг шийдэж өгөхөд анхаарал хандуулаач ээ гэсэн. Тэгээд бид 2016 оноос хойш Санхүүгийн зохицуулах хороонд хандсан ч тодорхой шийдэлд хүрсэнгүй гэсэн. Тухайн хадгаламж зээлийн хоршоо ч 2018 он хүртэл үйл ажиллагаа явуулсан ч хохирол барагдуулах талаар ямар нэг арга хэмжээ авсангүй гэсэн гомдол гаргасан. Иймд Өргөдлийн байнгын хорооноос Хадгаламж зээлийн хоршоодын өнөөгийн нөхцөл байдлын талаар Санхүүгийн зохицуулах хороо, хууль цагдаагийн байгууллагын холбогдох албан тушаалтнуудаас тайлбар мэдээлэл авлаа. Мөн цаашид авах арга хэмжээний талаар нээлттэй хэлэлцүүлэг хийсэн. Ингэснээр хохирогчид болон иргэдэд хадгаламж зээлийн хоршооны талаар үнэн зөв мэдээлэл өгөх юм. Албан ёсны мэдээллээс үзэхэд хадгаламж зээлийн хоршоодын өнөөгийн нөхцөл байдал амаргүй байгаа нь харагдаж байна.

-Энэ удаа нэг хадгаламж зээлийн хоршооны асуудал яригдлаа. Бусад нь хөрөнгө санхүү, үйл ажиллагааны хувьд ямар байна вэ?

-Манай улсад өнөөдөр 200 гаруй хадгаламж зээлийн хоршоо ажиллаж байгаа. Гэтэл Санхүүгийн зохицуулах хорооноос тэр нь тийм, энэ нь ийм байна гэж тодорхой хэлж чадахгүй байна. Мэдээллийн нэгдсэн сүлжээ байхгүй. Одоо л нэг нэгдсэн сүлжээтэй болох гэж байгаа гэсэн. Удаа дараа шалгалт хийсэн гэлээ. Гэвч тухайн хадгаламж зээлийн хоршоо хоёр жилийн өмнө ямар байсан, өнөөдөр ямар болов гэсэн нарийн тодорхой мэдээлэл Санхүүгийн зохицуулах хороонд алга. Энэ маш ноцтой асуудал. Нэг өдөр сүйрэл болбол яана. Тэгэхээр Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо бусад холбогдох байгууллагууд хамтарч санхүүгийн зах зээлийн хэрэглэгчдийг хамгаалах эрх зүйн өөрчлөлт оруулж ирэх чиглэл өглөө.

-Тэгэхээр хадгаламж зээлийн хоршооны хууль эрх зүйн орчин ямар байна. Энэ амаргүй нөхцөл байдлыг хэрхэн зохицуулах вэ?

-Хууль эрх зүйн орчны зохицуулалт хийх зайлшгүй шаардлага байгааг холбогдох албан тушаалтнууд хэлж байна. Энэ хэлэлцүүлгийн эцсийн үр дүн ч бас тэгж харагдаж байгаа юм. Урьд нь Эдийн засгийн байнгын хороогоор ч хадгаламж зээлийн хоршоодын талаар яаралтай арга хэмжээ авах хэрэгтэй байна гэсэн асуудал бас яригдсан. Өнөөдөр эхнээсээ гурав, дөрвөн мянган иргэн хохирч байна.

-Банк бус санхүүгийн байгууллагын хувьд нөхцөл байдал ямар байгаа вэ?

-Яг адилхан. Банк бус санхүүгийн байгууллага, Хадгаламж зээлийн хоршоод өнөөдөр асар өндөр хүүтэй зээл олгож байна. Тэд жилийн 33-39 хувийн хүүтэй зээл олгож байгаа. Гэхдээ аль нь сайн, хэн нь асуудалтай байна гэдэг нарийн тодорхой мэдээлэл алга. Хариуцсан байгууллагууд нь “Ерөнхийдөө гайгүй” л гээд байдаг. Гэтэл гайгүй гэж байтал нэг хадгаламж зээлийн хоршоо дампуурч байна.

-Өргөдлийн байнгын хорооноос хадгаламж зээлийн хоршоодын талаар ямар арга хэмжээ авах үүрэг Санхүүгийн зохицуулах хороонд өгөөд байна вэ?

-Хадгаламж зээлийн хоршоод, банк бус санхүүгийн байгууллага, санхүүгийн зах зээлд өнөөдөр үүсээд байгаа нөхцөл байдал, иргэдээс ирүүлсэн өргөдлийн дагуу тодорхой шийдвэртэй арга хэмжээ авах залшгүй шаардлага байна. Өнөөдөр 200 гаруй хадгаламж зээлийн хоршоо үйл ажиллагаа явуулж буй мэдээлэл бий. Тэдний ихэнх нь гэр хороололд үйл ажиллагаа явуулдаг. Мэдээллийн нэгдсэн систем алга. Урьд нь хадгаламж зээлийн хоршооны нийгэмд тарьсан хор уршгийг монголчууд мартаагүй. Хадгаламж зээлийн хоршооны тухай хууль, Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчлэлтийг цаг алдалгүй хийх ёстой. Эдгээр хуулийн төслийг УИХ-д нэн даруй оруулж ирэх үүрэг даалгаврыг холбогдох байгууллагуудад өглөө. Урьд нь ч бас ийм үүрэг өгч байсан. Эдгээр хуулийн цоорхой хэн нэгэнд ашигтай учраас гацаагаад байна гэсэн хардлага ч төрүүлэхээр байгаа юм. Ганцхан хадгаламж зээлийн хоршоонд л гурван мянган хүний асуудал сөхөгдөж байна. Гэтэл үүнээс гадна 200 гаруй хадгаламж зээлийн хоршоо гээд бодвол хүн бүрийг өрөнд оруулах сүйрэл болж мэдэх юм. Тэгэхээр хадгаламж зээлийн хоршоо, банк бус санхүүгийн байгууллага, ломбардын 33-39 хувийн хүүтэй зээлийг цэгцэлж хяналт тавих шаардлагатай байна. УИХ-ын даргын зөвлөл, холбогдох байнгын хороодод өнөөдрийн хэлэлцүүлгийн мэдээллийг өгнө. Энэ нь их ноцтой. Иргэдийг хохирооно, эргээд санхүүгийн зах зээлийг сүйрэлд хүргэх аюул нүүрлээд байна.

-Капитал банк дампуурсан. Тус банкны хохирогчид Өргөдлийн байнгын хороонд хандаж байна уу?

-Энэ банкны хохирогчид Өргөдлийн байнгын хороонд гомдол гаргасан. Гэвч энэ асуудлыг Эдийн засгийн байнгын хороо хариуцаж байгаа. Ийм учраас тус байнгын хороонд асуудлыг шилжүүлсэн. Гэвч манай байнгын хороо Эдийн засгийн байнгын хороотой хамтарч асуудлыг шийдэхээр ажиллаж байна.

Т.Жанцан 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Говь-Алтайчууд сар бүрийн эхний өдөр үндэсний хувцсаа өмсөнө 5 мин Оливер Корфф: Үндсэн хууль нь баримтлах ёстой хуулиас илүү гүн утгыг агуулдаг 26 мин ӨМНӨГОВЬ: Хүйтний эрч эрс чангарна 13 цаг 28 мин ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа 18 цаг 43 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав 19 цаг 0 мин С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асуудалтай холбоотой 19 цаг 42 мин Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал 19 цаг 52 мин Номын хураангуй: The Power of the Other Уржигдар 21 цаг 30 мин Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх сургагч багшийн хөтөлбөрт 105 хүн хамрагдаж байна Уржигдар 12 цаг 57 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдад одон, медаль гардуулав 2024-11-22 ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ 2024-11-22 Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав 2024-11-22 ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа 2024-11-22 Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ 2024-11-22 Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ 2024-11-22 Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална 2024-11-22 1968 оны Чехословакийн хавар 2024-11-22 Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ 2024-11-22 Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав 2024-11-22 В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн 2024-11-22
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй
Top