УИХ-ын гишүүн, Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин ТМ телевизийн “Коментатор форум” нэвтрүүлэгт оролцож, авлига болон цаг үеийн асуудлаар ярилцжээ.
-Хориод жилийн өмнө Монгол Улсын Засгийн газраас Авилгатай тэмцэх хөтөлбөрийг анх гаргаж, мөн арав гаруй жилийн өмнө Авилгатай тэмцэх газрыг байгуулсан. Гэвч өнөөдөр Монгол улс авилгад идэгдсэн улс орнуудын нэг болжээ гадныхан дүгнэж байна. Нөхцөл байдал ямар байна вэ?
-Энэ чиглэлийн судалгаа, дүгнэлт хийдэг хүмүүсийн зүгээс авлига “аюултай түвшинд хүрчихлээ” гэж хэлж байна. Цочирдмоор бөгөөд хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй гурван зүйлийг хэлж байна. Нэгдүгээрт Монгол Улсад авилга гэдэг зүйл бүх түвшинд тархчихжээ. Хоёрдугаарт, энэ нь цаг хугацааны хувьд ужигарсан байдалтай, зайлшгүй байх ёстой зүйл мэт, нэг төрлийн соёл маягтай болоод нийгэмд бат бөх шигдсэн байна гэж байна. Гуравдугаарт, хамгийн аюултай нь албан ёсны хуулийн тогтолцоо, төрийн байгуулалтай эн зэрэгцэхүйц хэмжээнд, тогтолцооны шинж чанартай болчихсон байна гэж дүгнэсэн. Өмнө нь үндсэн тогтолцооныхоо хажуу бөөрөнд наалдсан хатиг шиг байсан бол өнөөдөр үндсэн тогтолцоотойгоо өрсөлдөхүйц хэмжээнд, магадгүй хууль ёсны тогтолцоо нь авлигынхаа бөөөрөнд наалдсан маягтай болчихоод байгаа учраас авилга аюултай нөхцөл байдалд хүрлээ гэдэг дүгнэхэд хүрч байна.
Ардчилал, хууль ёсонд хамгийн аюултай зүйл бол нэг талаас популизм, нөгөө талаас авлига, хулгай байдаг. Худал хэлэх, хулгай хийх хоёр ч сүүлдээ бол улс төрчдийн үндсэн дүр төрх болж, угаасаа л ийм байдаг шүү дээ гэж зөвшөөрөгдөх хэмжээнд хүрчихлээ. Ажлаа бүтээдэг арга зам нь авилга, амжилтанд хүрэх арга зам нь худлаа ярих болчихлоо. Клиентелизм гэж ярьдаг даа. Хаа хаанаа, сонгочид нь ч тэр, сонгогдоод явж байгаа албан тушаалтан ч, түүний дор ажиллаж байгаа нөхөд ч тэр, харилцан хаймаалцсан, хамаарал уялдаатай мөнгөний сүлжээ болчихлоо шүү дээ. Түүний хамгийн том илрэл 60 тэрбумын хэрэг, ЖДҮ-ийн зээл хүртсэн 49 гишүүн байна.
-Дандаа өндөр албан тушаалтнууд?
-Том том нэр л өгөөд байгаа болохоос биш бодит байдал дээр нийгмийн бүх сүлжээнд жижиг трм гэхгүй авилга шигдээд орчихсон. Хамгийн гол, чухал шийдвэрүүдийг гаргах, нийгмийг өөрчлөх байх гэсэн горьдлогыг тээж, хүлээлт үүсгэсэн хүмүүс нь нүүрэн дээрээ шударга ёс ярьчихаад бодит байдал дээр авилгын хамгийн том сүлжээний эд эс болчихсон байна. Сүүлдээ энэ сүлжээнүүд нь хоорондоо үзээд эхэллээ. Тулгамдаад байгаа асуудлаа шийдэхээсээ илүү мангасыг дарж мангас болох гэсэн л уралдаан явж байна.
-Иргэд бол шалтгааныг улстөрчдөөс хайж, хариуцлага нэхдэг. Аргагүй өөрсдөө төлөөллөө сонгоод, үүрэг хариуцлага хүлээлгээд явуулсан учраас. Гэтэл улстөрчид маань эргүүлээд булзах үгтэй. Ерөөсөө энэ Үндсэн хуулиас болоод байна. Эрх мэдлийг тэнцүү хуваачихсан учраас болохгүй байна гэдэг. Тэгэхээр өөрчлөлтийг хаанаас эхлэх вэ?
-Авилгын асуудал бол Үндсэн хуультай холбоогүй л дээ. Ажил хийхгүй хүнд шалтаг мундахгүй шүү дээ. Авилгыг шийдэх шийдэл олон байгаа. Гэхдээ нэг даргын хэлсэн хурц үгээр, “од” болох гэсэн улстөрчийн уриа лоозонгоор шийдэгдэхгүй. Энэ бол нэлээд урт хугацаанд төлөвлөж, өдөр бүр жигд урагшилж байх ёстой үйл явц. Манайхан болохоор хүүхэд үлгэрт итгэдэг шиг ид шид хүсээд, өргөс авч байгаа юм шиг нэг өдөр шийдчихнэ, хэвлэлийн бага хурал хийгээд болчихно гэж бодоод байна. Харамсалтай нь асуудал нь өөрөө тийм биш. Асуудлаа олж хараад, түүний мөн чанар, шийдэх арга замыг хайх, түүнийгээ хэрэгжүүлнэ гэдэг чинь шат дараалсан үргэлжилсэн арга хэмжээ. Ямар ч эсэргүүцэлтэй, улс төр нь ороо бусгаа байсан ч ээлж дараатайгаар урагшаа хөдөлж байх ёстой зүйл.
Гэтэл бид тэгж чадахгүй байна. Асуудлыг бүгдийг нь нэг саванд хийчихээд сэгсрээд байхаар зөв замаар явж байсан асуудал ч буруу зам руу орно. Буруу замаар явж байгаа нөхөд ч “Би ёстой алаад өгнө өө” гээд бүгдийг самраад шинээр дахин эхлэх гэж үзэж байна. Улс төрийн энэ сэгсрээ чинь эцсийн дүндээ хэнд ашигтай байна вэ?
-Хэнд ашигтай гэж?
-Улстөрчид бол ирээд буцдаг нүүдлийн шувуу, явуулын жүжигчид. Ард нь хэн үлдэх вэ? Томилгооны үр дүнгээр тогтвортойгоор 10-20 жилийн эрх мэдлийг атгачихсан хэсэг байна. Авилгын систем тэр хүмүүсийн ашиг орлогоо нэмэгдүүлэх, албан тушаал дээрээ хөдлөхгүй байж байх хөшүүрэг болоод хувирчихсан байна. Үүнийг өөрчлөхийн тулд дахиад л бодох хэрэгтэй.
-Транспэрэнси интернэшнл байгууллагынхан хэлж байна. Судалгаагаар авилгад хамгийн өртөмтгий хэсгийн нэг, хоёрдугаарт улс төрийн намууд орж байна гэж. Өмнө нь бол гааль, татвар, эмч, багш гэж ярьдаг байлаа. Одоо эрх барьж байгаа нам нэг, хоёрдугаарт явж байна. Сая таны хэлсэн 60 тэрбум, ЖДҮ зээлээс авахуулаад. Гэтэл хууль, шүүхийн байгууллага нь шийдэж чадахгүй болохоор энэ асуудал улам л даамжирах хандлагатай болно доо?
-Өмнө нь бол авилгад хамгийн их идэгдсэн салбарт газрын алба байнга дурьдагддаг байсан. Тэгсэн мөртлөө газрын албаар дамжиж мөнгө санхүүтэй болсон, хүчээ авсан нөхөд улс төрд хамгийн их нөлөөтэй байлаа. Дараа нь уул уурхайд маш их хэмжээний мөнгө эргэлдэж эхэлсэн. Лиценз олгодог эрх мэдэлтэй байгууллага дээр байсан хүмүүсийн улс төрийг хар. Гуравдугаарт, сангууд явж байна. ЖДҮХС, ТЭДС гэх мэт төрийн дэмжлэгтэй сангууд. Банкнаас хүмүүс өндөр хүүтэй зээл аваад эргүүлж төлдөг бол төрийн нэртэй сангуудаас маш бага хүүтэй зээл аваад эргүүлж төлөхгүй. Үүнийг шалгадаг, шийддэг байгууллага нь хууль, шүүхийн байгууллага. Гэтэл авилгачид нь цагдаа, прокурор, шүүхиийг худалдаж аваад, асуудлаа шийдээд эхэлж байна. Өөрийн улстөрчидтэй, өөрийн хууль, шүүхтэй нөхөд чинь аль эрт “өөрийн намтай болно” гээд намуудыг худалдаж аваад эхэлсэн. Энэ нь улс төрийн намыг олон нийтээс нь салгаад олигархиудын гарт аваачаад өгчихсөн. Ийм байдлаар нэг талдаа улстөрчидтэй, нэг төлдөө мөнгөтэй, нөгөө талдаа хуулийн байгууллагатай тогтолцоо болоод хувирчихлаа. Энэ систем дотор нэг л хууль үйлчилдэг. Миний нөмөр нөөлөг дотор хулгай хийвэл аюулгүй. Надаас гадуур хулгай хийвэл хэн ч биш болгоно шүү, надад үнэнч байх эсэхээ шийдээрэй гэдэг. Ийм зарчим тавиад ирэхээр хэний дор орж хулгай хийх вэ? гэдэг хулгайчдын сонголтын асуудал болно. Нэг том эрх мэдэлтний шүхэр дор л орж хулгайгаа хийнэ гэсэн үг шүү дээ. Тэр шүхэр лүүгээ хуваагдаад орчихоор улс төрийн намууд ч гэсэн эгнэж зогсоод ээлжээ хүлээж байгаа хулгайчдын үүр л болж байна. Том даргадаа өргөл өгөөд, тандаа үнэнч байна шүү гээд нөгөө сангууд руу ордог, сангуудаас хулгай хийгээд баригдвал эзэн аргалдаг, эзний гарт “хонгилын түлхүүр” байдаг. Хулгайчдын цуваа улс төрийн намууд дээр очоод, намуудаар дамжиж төрлүү орж, төрөөс эх захгүй идэж ууж байна. Авилгыг хурдасгадаг зүйл нь улс төрийн намууд, улс төрийн намаар дамжиж хийгдэж байгаа томилгоо, мэргэжилгүй цүнх баригчдын цуваа болоод хувирчихлаа.
-Уг нь энэ авилга, хууль бүс явдалтай тэмцэх хэрэгсэл маань хууль, шүүх. Гэтэл ШЕЗ-өөс хийгдэж байгаа томилгоонууд, сая гуравдугаар сард Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд оруулсан өөрчлөлт чинь шүүх эрх мэдлийн байгууллагыг жинхэнэ утгаараа улстөрчдөөс хараат болгочихлоо. Тэгэхээр бид шударга ёсыг хаанаас хайх вэ?
-Одоогоос 6-7 жилийн өмнө шүүх эрх мэдлийн байгууллагууд яаж завхарсан тухай, өөр хоорондоо цус нь ойртсон, нэг талаас улстөрчдийн өш хонзон авах, нөгөө талаас эд баялаг хуримтлулах хэрэгсэл болсон, завсраар нь өөрсдөө хувь хүртээд нийгмийн хамгийн чинээлэг нөхөд болж хувирсан тухай хангалттай их ярьсан. Үүнийг өөрчлөх гэхээр тэнд байгаа шүүх, цагдаа, прокурорууд бүгдээрээ “Яахаараа биднийг ингэж гүтгэж, доромжилдог юм” гээд арзасхийгээд босч байсан. Тэр үед тэднийг хамгаалаад “Тэмүүжин хууль, шүүхийн байгууллагуудыг гүтгэж байна, доромжилж байна” гээд, тэр ялзарсан тогтолцоогоо хамгаалаад зогсч байсан хүмүүс нь хэн билээ. Нөгөө Батзандан, Нямдорж, Баасанхүү шүү дээ. Хууль шүүхийн байгууллагыг самрах гээд байна, эднийгээ хамгаалах ёстой гээд зогсч байсан. Одоо энэ нөхөд эргээд “Хууль, шүүхийн байгууллага болохоо байчихлаа” гээд ярьж эхэллээ. Засч болох зүйлийг таван жилээр ухраачихаад үр дагавраар нь шоудаж байна. Асуудлыг яаж шийдэх вэ? гэхээсээ илүү асуудлаар дөрөөлөөд эрх мэдлийг бүр илүү овоолоод хууль, шүүхийн байгууллагад бүр хүчтэй нөлөөгөө тогтоочихлоо. Одоо эзэн чинь солигдсон, миний дор та нар ажиллана шүү гэдэг шүхэр дэлгэгдчихлээ. Шүхрийг томруулж, эрх мэдлийг нэмэх тэр зорилго руу л явж байна. Хамгийн аюултай нь.
Би санаж байна. Зоригт гэдэг шүүгчийг Дээд шүүхийн ерөнхий шүүгчээр томилох гээд оруулж ирэхэд Байнгын хороон дээр надаас өөр дуугарсан хүн байгаагүй. Долдугаар сарын 1-ний хэргээр шүүх хурал явуулахдаа арван хүний дунд нэг хүүхэд хавчуулаад шүүх хурлыг хаалттай явуулах, шорон руу ачлага хийх аргыг зохиосон хүн. Ийм хүн Дээд шүүхэд очивол зүгээр эзнээ солиод, ёслоод л үүрэг даалгаврыг нь гүйцэтгэнэ. Энэ хүнд ямар ч зарчим байхгүй. Энэ хүнд зориулж, энэ хүнийг дахиж томилуулахгүйн тулд “Дээд шүүхийн ерөнхий шүүгчийг зөвхөн нэг удаа томилно, дахин томилохгүй” гэж хууль бичиж байсан. Гэтэл жилийн өмнө ҮХЦ-эд гомдол гаргаад Цэц дээр хүчингүй болгоод, тэр хуулийг нь УИХ хүлээж аваад, дахиад Ерөнхий шүүгчээр томилсон. Тэр үед хэн ч юу ч хэлээгүй.
Тэгэхээр энэ хүмүүс асуудлыг ул суурьтай шийдье гэж бодохгүй байна, шийдлийг нь харахгүй байна. Манай эзний шүүгч, манай эзний прокурор байгуу юм чинь надыг хэн оролдох юм. Би авсан юмныхаа талыг эзэндээ өгөөд үнэнч байхад хангалттай гэж байна. Өмнө нь жишээ нь шүүгч нарын ядаж 50 хувь нь “Элбэгдорж хэн юм, ямар намайг томилсон биш. Өөрийнхөө томилсон хүмүүст үүрэг чиглэл өгдөг юм байгаа биз” гээд хуулиа бариад, бие даагаад асуудлыг шийддэг байсан бол одоо эсрэгээрээ. Намайг томилоогүй ч, намайг оролдох гурван хүн дээр сууж байгаа учраас би Ерөнхий сайдад, УИХ-ын даргад, Ерөнхийлөгчид үйлчлэх ёстой. Хууль бол падлий байхгүй, маргаж ирж байгаа хоёр хүний эрх ашиг ч сонин биш, ҮАБЗ гэдэг газар сууж байгаа гурван хүний сонирхол чухал гэдэг үзэлтэй хүүхэлдэй болоод хувирчихлаа. Бүх шатны шүүгч, бүх шатны прокурорууд шүү.
-Транспэрэнси интэрнэшнл байгууллагын судалгаагаар Монгол Улс авилгын индексээр 37-д явж байна. 40 рүү орвол дарангуйлалд хүрдэг юм байна. Шүүхийн хараат бус байдал руу эрх мэдэлтнүүд халдаад орчихсон учраас ирэх жилүүдэд Монголын авлигын индекс эрс буурна, дарангуйлал руу орно гэж хэлж байна?
-Бүх популист дарангуйлагчдын эрх мэдлээ нэмэгдүүлэхэд ашигладаг сэдэв нь гурван л юм байдаг. Нэгдүгээрт авилга. Энэ улс орон авилгад идэгдээд дампуурчихсан байна, үүнийг би засна гэдэг. Гэхдээ яаж гэдгээ хэлдэггүй. Хоёр дахь нь эх оронч, үндэстнээ гэх том уриа лоозон. Би л гарчихвал хөгжүүлнэ гэдэг. Гэхдээ тэр хөгжилд яаж хүрэх нь бас тодорхойгүй. Гуравдугаарт энэ бүгдийг хийхэд садаа болж байгаа хамгийн том дайсныг олж нэрлэдэг. Өмнөх хоёрыгоо хийж чадахгүй учраас тэр. Мангас дарахад эрх мэдэл дутагдаад байна, шүд алга гэж гомдоллож байгаад эрх мэдлийг өөр дээрээ овоолж дайснаа дарсан баатар болж жүжиглээд дараа нь тэр эрх мэдлээрээ ард түмнээ дарж унагадаг тийм л зүй тогтолтой.
-Ерөнхий шүүгчийн томилгоон дээр хууль гаргалаа. УИХ-ын даргыг огцруулахад хууль гаргалаа. Сая шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлдөлт оруулаад шүүгчдийг ҮАБЗ-ийн хараанд хийчихлээ. Томилгоонд зориулсан хуулиуд л гараад байна шүү дээ. Ингэж болдог юм уу?
-Гитлерийн үед хууль чанд бөгөөд хатуу үйлчилдэг байсан. Гитлер ч гэсэн хуулиар асуудлыг шийддэг байсан. Гэхдээ тэр хууль нь ямар хууль вэ гэдэгт л ялгаа байгаа. Хууль нь Гитлерт өөрт нь огт үйлчилдэггүй, өөрөөс нь бусдад хатуу чанга үйлчилдэг. Орчин үеийнхээр бол хуульд засаглуулдаг биш, хуулиар засагладаг, хүчирхийлдэг удирдагчийн тухай яриа байна. Монголд бол өөрийнхөө ашиг сонирхлыг хэрэгжүүлэхийн тулд хуулийг зэвсэг болгодог, өөрөө хуулинд баригдах болохоороо “хувьсгал хийхэд хууль хэрэггүй” гэдэг эрс тэс хоёр хандлага байна. Уг нь бол ардчилсан улс оронд хууль иргэдэд хэрэгтэй, хуулийн туслалцаатайгаар иргэд төрөө хянаж, өөртөө үйлчлүүлдэг систем. Ардчилсан бус, дарангуйллын систем рүү ороод ирэхээр хууль иргэдэд огт хүртээлгүй, эсрэгээрээ удирдагч нар хуулийн туслалцаатайгаар иргэдийг айлгаж, ичээж, цээрлүүлж, удирдах, дарангуйлахад зориулдаг. Үүнээс хамгаалахын тулд л “хуулийг өөрийг нь хуультай болгох ёстой” гэдэг зарчим байдаг. Пост коммунист улс орнуудын зовлон.
Хөгжсөн орнууд бол улс төрийн соёл, Үндсэн хууль гээд олон юмаараа хууль ямар байх вэ гэдгийг шийдээд өгдөг. Манайд тэр нь байхгүй болохоор арга ядаад пост коммунист улс орнуудын туршлагыг хараад Хуулийн тухай хууль гэдэг зүйлийг хийлээ. Наад хуулиа ядаж ийм шаардлагад нийцүүлж гаргаач ээ гэдэг шаардлага. Одоо бол юун Хуулийн тухай хууль. Хуулийг хуультай болгох бол эрх барьж байгаа улстөрчдөд ахадсан яриа хөөрөө юм байна.
-Энэ парламентаас хүлээх зүйл алга. 49 гишүүн нь ЖДҮХС-гаас зээл авсан байна, 400 тэрбум төгрөгт хүрсэн юм байна. 1,4 тэрбум америк доллар буюу 14000 хүнд ажлын байр шинээр үүсгэх боломжийг эрх бүхий албан тушаалтнууд, улс төрд нөлөө бүхий хүмүүс аваад ашиглачихжээ. Би жишээ нь М.Энх-Амгалан прокурорыг мэдэхгүй. Гэхдээ ЖДҮХС-аас зээл авсан гишүүдийг УИХ дээр оруулаад ирэхэд ард түмнийхээ өмнөөс баярлаж байсан. Зөвхөн ЖДҮ-г шалгана гэсэнд нь баярлаж байгаа юм. Гэтэл сольчихлоо. Одоо бол зээл авсан хүмүүс хариуцлага хүлээхээргүй болсон тухай сонсогдож байна. Хэд хэдэн хуулийн өөрчлөлтийг хийсэн гэж байна?
-Ярианы эхэнд хэлсэн авилгын албан бус тогтолцоо санхүүгийн маш их нөөцтэй, эрх мэдэлтэй байна. Дээрээс нь асуудлыг урьдчилж хараад, илүү ухаалгаар ажиллаж байна. Тэгээд өөрсдийнх нь үйлдэлд саад болох хуулиудыг хулгайлж эхэлсэн байна. Түүний хамгийн тод жишээ нь Эрүүгийн хуулийн 22-ын 2.
Энэ хуулийг манай Засгийн газрын үед хийсэн. Манай улс Авилгын эсрэг олон улсын конвенцид нэгдэж орсон. Олон улсын зөвлөмж болон дотоодын судлаачдын дүгнэсэн нэг зүйл бол Монгол Улс авилгын зарим хэргийг Эрүүгийн хуулиараа шийдэж чаддаггүй юм байна. Албан тушаалаа урвуулан ашиглах гэдэг гэмт хэргийг хуульчилсан. Гэхдээ тэр гэмт хэрэг нь өөртөө байгаа эрх мэдлийг урвуулан ашиглах замаар өөртөө болон бусдад давуу байдал олгохыг л хэлээд байна. Гэтэл бодит байдал дээр улс төрийн нөлөө бүхий дээгүүр албан тушаалтнууд өөрт нь байхгүй боловч доод албан тушаалтнууд, бусад төрийн байгууллагад байгаа эрх мэдлийг заавар чиглэл өгөх, нөлөөлөх байдлаар урвуулан ашиглаж өөрөө болон бусдад давуу байдал олгодог юм байна. Тэнд нь хамгийн том авилгууд байдаг юм байна. Доор байгаа албан тушаалтан бол өөрийнхөө гарын үсгийн хэмжээний авилга авдаг, дээр байгаа эрх мэдэлтнүүд бол өөрийнхөө эрх мэдлийн хэмжээний авилгыг хөдөлгөдөг юм байна. Тэр том авилгыг хийгчид чинь Эрүүгийн хуулийн гадна байна шүү дээ. Тийм учраас Эрүүгийн хууль рүүгаа оруулж ирж бичээч ээ гэдэг зөлөмжийг удаа дараа өгсөн. Зөвхөн намайг Хууль зүйн сайд байхад өгсөн зөвлөмж биш, Ц.Нямдоржийг Хууль зүйн сайд байхад ч өгч байсан. Аьлигын эсрэг дахиад нэг хоёр алхмыг зоригтой хийх ёстой юм байна гээд энэ заалтыг Эрүүгийн хуульд оруулж бичсэн.
Харамсалтай нь энэ зүйл заалт хоёр удаа хулгайлагдсан. Эхний хулгай нь гарчгийг нь солих болон дотоод агуулгад нь нэг, хоёр эвдрэл хийх байдлаар Ч.Сайханбилэгийн Засгийн газрын үед хийгдсэн. Хоёр дахь удаад нэг нам 65 суудалтай энэ УИХ хуулийн заалтыг бүтнээр нь авч хаясан. Энэ УИХ хуулийн заалтыг үгүй хийж, хулгайлсан учраас энэ зүйл заалтад хамрагдах байсан албан тушаалтнуудын үйлдэл одоо гэмт хэрэг биш болчихоод байна.
Дөнгөж саяхан манай УИХ-ын гишүүд маш их шударга дүр эсгэж “эрүүдэн шүүсэн” үйл явцтай холбоотой нэг мэдээлэл задаллаа шүү дээ. Бичлэг үзүүлээд, ямар аймшигтай юм болсон тухай ам уралдаад ярьцгаасан. Гэтэл ХЭҮК-ийн жил болгоны илтгэл дотор саяны сэтгүүлчдийн үзсэн бичлэгээс хэд дахин илүү аймшигтай эрүүдэн шүүсэн баримт байгаа. Түүний нэг жишээ нь Францаас хулгайлагдаж ирээд амь насаа алдсан Д.Энхбат гэдэг хүн байна. Өмнө нь ийм хэрэг байсан уу, байсан, мэдэж байсан уу, мэдэж байсан. УИХ Хууль зүйн байнгын хороогоор ХЭҮК-ийн илтгэл хэлэцлэгддэг үү, хэлэлцэгддэг. Тэнд Нямдорж, Батзандан, Тэмүүжин бүгд сууж байсан, бүгд мэдэж байгаа. Өнөөдөр мэдэж байгаа зүйл огт биш.
Үүнтэй холбоотойгоор хуулийн шинэтгэл хийгдэж байсан, 2015 онд. Д.Энхбатыг хулгайлж авчираад тагнуулын байгууллагын ажилтнууд эрүүдэн шүүсэн. Тэр хүмүүсийг “эрүүдэн шүүсэн” хэргээр шалгах гэхээр “Энэ хүмүүс чинь хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч биш байна. Энэ хүмүүс эрүү шүүлт тулгах гэмт хэргийн субект биш учраас гэмт хэрэг биш ээ” гээд ял завшуулчихсан. Энэ мэт сургамжаас үүдээд 2015 онд “Эрүү шүүлт тулгах” гэдэг гэмт хэргийг шинээр бичсэн. Яагаад гэвэл хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагчаас гадна өөр хүмүүс энэ хэргийг хийдэг юм байна, бүр Хууль зүйн сайд нь хүртэл чиглэл өгч болдог юм байна. Тухайн үеийн Хууль зүйн сайд нь өрсөлдөгч намаа “Намын даргагүй болчихоод сонгуульд яаж орохыг харна аа” гэж тавалсан л байхгүй юу. Хууль зүйн сайд нь хүртэл эрүү шүүлтийг зөвшөөрч, дэмжиж ажиллуулдаг юм байна. Тийм учраас шаардлагатай бол Хууль зүйн сайдад ч “эрүү шүүлт тулгасан” хэргээр ял өгч болдог хуультай болж байж Монгол Улс эрүү шүүлтийн эсрэг зогсох юм байна гээд энэ хуулийг бичсэн. Энэ хуулийг бичээд УИХ-аар батлуулах гээд хэлэлцэж байхад хуульч нэртэй УИХ-ын таван гишүүн чуулганыг хаяад хэвлэлийн бага хурал хийж байв.
-Хэн хэн байсан бэ?
-Нямдорж, Баасанхүү, Батзандан, Оюунбаатар, Цог гэдэг таван гишүүн чуулган хаяад явж байсан. Тэгэхээр улстөрчдийг өнөөдөр гоё ярьж байгаагаар нь бус, өмнө нь юу хийж байсан бэ гэдгээр нь хэмжихгүй бол энэ популистууд чинь өөрийнхөө хүсдэггүй зүйлийг хүртэл хүсдэг мэтээр жүжиглэж чадаж байна. Хамгийн том аюул нь энэ.
Сонирхлын зөрчлийн хуулийг батлуулахад УИХ дээр бас том хэрүүл болсон. Соёлт хүн төрөлхтөн авилгыг үүсгэж байгаа үзэгдэл нь энэ энэ байна, сонирхлын зөрчил гэж нэрэлээд хуулиар хязгаарлая, зохицуулалтад оруулья гэж байна. Гэтэл нөгөө хүмүүс чинь “Юу яриад байгаа юм бэ, энэ чинь бидний өдөр тутам хийдэг ажил шүү дээ” гэдэг. “Наадах чинь болохгүй учраас хуулиар хориглох ёстой” гэхээр “Ангийнхаа найзад яагаад тусалж болдоггүй юм. Яахаараа миний үр хүүхэд бизнес хийж болдоггүй юм. Энэ чинь жудаг шүү дээ” гэдэг. Уучлаарай, нутгийн ахдаа, багшдаа туслана, хүүхэддээ туслаад утас цохино гэдэг чинь авилга болохоос жудаг биш. Эцэг хүнийхээ ажлыг гэртээ хий. Яаман дээрээ, УИХ дээр хийж болохгүй. Энэ бол зарчим. Бас сэтгэлгээний өөрчлөлт. Сонирхлын зөрчлийн тухай хуульд “Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газрын гишүүн төрийн дэмжлэгтэй зээл хүртэгч байж болохгүй, хамаатан садан нь ч ийм зээл авч болохгүй” гээд биччихсэн. Гэтэл энэ хуулийг зөрчөөд яваа хүмүүст хариуцлага тооцож чадахгүй бол хууль юу болох вэ?
-Ц.Нямдорж гэхэд хамгийн олон жил Хууль зүйн сайд хийсэн, хамгийн олон удаа УИХ-д сонгогдсон. Гэтэл өнөөдөр ийм шүүмжлэл яриад яваа. Тэгэхээр манайханд ой санамж гэдэг зүйл алга аа даа?
-Улстөрчид “олон нийт бол загасны л ой санамжтай. Зургаан сарын дараа л мартчихдаг юм. Зургаан сарын өмнө миний юу ярьсныг санах ч үгүй” гээд тухай тухайн үед нь тааруулаад ярьдаг. Жишээ нь өнөөдөр эрүүдэн шүүсэн бичлэг үзүүлээд баатар болоод байгаа хүмүүсээс нэг л зүйл асууя. Саяны эрүүдэн шүүх үйл явц хэзээ болсон бэ? Түүнд оролцсон хүмүүсээ та нар шийтгэж чадах уу? Ц.Нямдоржийн эрүүгийн хуулиар тэр хүмүүс гэмт хэрэгтэн биш. Яагаад гэвэл тэр хуулиар хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч нар өөрсдөө биечлэн хүнийг эрүүдэн шүүсэн бол гэмт хэрэгт тооцдог. Өөрсдөө гардан үйлдсэн бол шүү дээ. Өөр хэн нэгнээр үйлдүүлсэн бол гэмт хэрэг биш. Тэгвэл сая гэмт хэрэг үйлдсэн хүмүүс нь хэн байсан бэ? Нэг камерт хамт хоригдож байсан хоёр хэрэгт шалгагдагч. Тэдэнд зөвшөөрөл өгсөн нь хэн байсан бэ? Тагнуулын ажилтан. Хэн нь ч гэмт хэргийн субект биш.
Тэгэхээр ингэж худлаа попрохоо больчих оо. Ядаж 2016 онд үйлчлэх байсан Эрүүгийн хуулиа яах гэж 2017 он болгож хойшлуулсан юм. ХЭҮК өдөр тутам мэдээлээд байхад 2010, 2012 ондоо Эрүүгийн хууль тогтоомжоо өөрчлөхгүй яасан юм. 2015 онд өөрчлөх гээд явж байхад үлийгээ хийж эсэргүүцсэн юм. Дараа нь яах гэж процессийн хуулиудыг хүчингүй болгосон юм. Тэгээд одоо шийтгэлгүй өнгөрөхөөр нь “Ингээд энэ шүүгч, прокурор нар чинь шийдэхгүй байгаа байхгүй юу” гээд өөрийнхөө хийсэн хэргийг өөр хүн лүү шидчихээд нуруугаа үүрээд гараад явчих уу.
-Бас их нарийн зохицуулсан байна шүү?
-2014 онд Элбэгдоржийн гар хөл болоод Хурцыг хамгаалаад гүйж байсан хүн хэн билээ, өнөөдөр хэн болчихов? Ой санамжаа сэргээгээд, жаахан ухраагаад харвал Тухайн үед цагдаагийн байгууллагыг өөрчлөх, тагнуулын байгууллагын хууль бус үйл ажиллагаануудыг таслан огсоох, АТГ-тай холбоотой болж бүтэхгүй байгаа ажиллагаануудыг янзлах гээд Хууль сахиулах ажиллагааны тухай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хууль гаргаад Тахарын албыг байгуулаад, гэрч хохирогчийг хамгаалах системийг хийгээд, хөндлөнгийн хяналттай болох гээд оролдож байхад хамгийн их улдан эсэргүүцэж байсан хүн хэн билээ. Прокурорын мөрдөн байцаах албыг татан буулгаж байсан хүн хэн билээ?
-Нэг л хүн байгаа шүү дээ?
-Өнөөдөр тэс өөр баг зүүгээд жүжиг тоглож байна. Яах вэ, хожуу ч гэсэн ухаарсан бол сайн байна. Гэхдээ ухаарсан бол ядаж Тахарын албаа, прокурорын мөрдөнгөө байгуулаач. Хууль сахиулах ажиллагааны тухай хуулиа хийгээд цагдан хорих төвд гүйцэтгэх ажил явуулдгаа болиоч. Гүйцэтгэх ажиллагааны тухай хууль гэдэг дампуурсан хуулиа хүчингүй болгооч.
-Үүнийг дампууруулсныхаа төлөө хариуцлага хүлээх ёстой биз дээ?
-Хариуцлага хүлээхгүй л дээ. Эдний чинь нэг онцлог нь хамгийн эрх мэдэлтэй хүний суганд очоод наалдчихдаг. Дараачийн эрх мэдэлтэн гараад ирмэгц суганд нь явсан хүнээ дэвсэж хаяад нөгөө хүний суга руу гүйдэг байхгүй юу. Би маш сайн санаж байна. Ц.Элбэгдоржийн суганд байхдаа хэн хэн рүү үсчиж дайрч юу болж байлаа. Одоо дараачийн хүнийхээ суганд хүрэнгүүтээ нөгөө Элбэгдоржийгоо юу болгож байна. Өөрсдийнх нь хэлдгээр ядаж жудаг гэж байгаад, суганд нь байхдаа ах дүүгээ албан тушаалд аваачиж, мөнгө төгрөг олж байсан бол тэрийгээ бодоод ч болтугай дуу байгатай баймаар байгаа юм. Гэтэл тэр хүнд нь адлуулж, дэвсүүлж байсан хүмүүсээс ч долоон дор нулимаад явж байгаа байхгүй юу.
-“ҮАБЗ-ийн зөвлөмж гарсан” гэдэг нэг сайхан үгтэй боллоо. Зөвлөмж гарвал шүүгчид, прокурорууд, АТГ-ын удирдлагыг өөрчлөөд зогсохгүй бүтээн байгуулалтын том хөтөлбөрүүдийг ч шийдэж болохоор болчихлоо. Төмөр замын маршрутыг өөрчилсөн гэж сонслоо?
-Эхлээд ҮАБЗ гэж ямар байгууллага вэ гэдгээ бодох ёстой. 2013 онд Ц.Нямдоржийн нэг хэлсэн үг бий. Би тэр үед ямар мундаг үг хэлчихэв ээ гэж бахдаж, бараг алга ташиж байв. Тухайн үед Элбэгдоржоор ахлуулсан УАБЗ-өөс бас нэг шийдвэр гараад УИХ дээр тулгалт маягийн зүйл хийхгүй юу. Тэгэхэд Ц.Нямдорж гишүүн Байнгын хороон дээр “ҮАБЗ гэдэг бол Үндсэн хуулийн институц биш ээ. Үндсэн хуульд дурьдагдсан л нэг байгууллага. Үндсэн хуулиар шийдвэр гаргах эрх УИХ, Засгийн газарт байгаа. Засгийн газар шийдвэрээ гаргана, УИХ хянана. Хууль тогтоох эрх мэдэл зөвхөн УИХ-д байгаа. “Та нар ийм хууль тогтоо” гэж хөдлөнгөөс тулгалт хийдэг байгууллага байж болохгүй. Үндсэн хуулийн бус замаар эрх мэдэл төвлөрүүлж байгаа ҮАБЗ гэж энэ байгууллагаа бид эргэж харах цаг болсон” гэж хэлсэн. Тэр үед би ямар үнэн үг хэлчихэв ээ гэж бахархаж байлаа.
Ямар асуудал болсон бэ гэхээр кабинетийн зарчмаар ажиллах ёстой Засгийн газрын нэг гишүүн Засгийн газраараа шийдвэр гаргуулалгүй Ерөнхийлөгч дээр гүйж ороод, тэндээс хамгийн том мөнгөн дүнтэй, улс орны эдийн засгийн гол араануудыг хөдөлгөх бололцоотой шийдвэрийг Ерөнхийлөгч, УИХ-ын дарга хоёроор гаргуулсан. Ерөнхий сайдыг буланд шахаад Засгийн газраас гадуур гүйцэтгэх эрх мэдлийн шийдвэрийг гаргуулаад “ҮАБЗ-ийн шийдвэр гарсан, та нар үүнийг биелүүлэх ёстой” гээд буцаагаад Засгийн газар луу шидэж байгаа байхгүй юу. “Чи яагаад ганцаараа шийдэж байгаа юм?” гэхээр “Тийм юм байхгүй, ҮАБЗ-ийн шийдвэр гарсан” гэдэг. Монголын хамгийн том мөнгөний шийдвэрийг ҮАБЗ-өөр гаргуулчихсан. Засгийн газар “Энэ чинь болохгүй ээ” гэнгүүт давуулаад, УИХ-ын даргаар дамжуулаад УИХ руу оруулаад ирсэн. ҮАБЗ нь ҮАБ-тай холбоотой асуудал хэлэлцэхээсээ илүү их мөнгө, их хулгай хийдэг хэдэн нөхдүүдийн шийдвэр гаргах хэрэгсэл болоод хувирчихсан. Тэр үед Ц.Нямдорж гишүүн энэ тэр үгээ хэлсэн. Тэр үед тэгж агзасхийж байсан Ц.Нямдорж нь өнөөдөр Монголын хамгийн том мөнгийг шийддэг байсан тэр газрыг Монголын том хэргүүдийг шийдвэрлэдэг газар болгоод хувиргачихлаа.
-Та АН-ын дэд даргаар сонгогдоод удаагүй байна. Сөрөг хүчний намын даргын хувиар эрх барьж байгаа намын үйл ажиллагааг хэрхэн дүгнэж байна?
-УИХ-д хэт олонхи суудал авч, Засгийн газраа дангаараа байгуулсан энэ улс төрийн хүчинд өөрийн гэсэн бодлого байхгүй учраас ямар нэг бодлогын талаар ярих, шүүмжлэх боломж алга. Хашаанд хашсан хэдэн хонь шилбүүр тасхийхэд ийшээ нэг, тийшээ нэг хуйлраад л байцгааж байна шүү дээ. Одоо бүр шилбүүрээ өөр хүний гарт аваачаад өгчихсөн, хонинууд нь бас бүгдээрээ ороолгуулах гэмтэй болчихсон. У.Хүрэлсүх шиг гүйцэтгэх эрх мэдлийг сайн дураараа, хадган дээр тавиад Ерөнхийлөгчид аваачиж өгч байсан Ерөнхий сайд түүхэнд бараг байгаагүй. Өөрийнх нь эрх мэдлийг булаацалдах гэхээр Ерөнхийлөгчтэй тулж, тэмцэж байсан Ерөнхий сайд нар л байсан.
-Ярилцсанд баярлалаа. Таны цаашдын ажилд амжилт хүсье.
Сэтгэгдэл (7)