x

А.Баярцэцэг: Холливудын А зэрэглэлийн 16 уран бүтээлч Монголд ирнэ

Жүжигчин, мисс А.Баярцэцэгтэй ярилцлаа. Тэр холливудын А зэрэглэлийн уран бүтээлчдийг урьж олон улсын кино фестивалийг анх удаа эх орондоо зохион байгуулах “Холливуд Монголия” төслийг санаачлан ажиллаж байгаа юм.

-Хамгийн сүүлийн уран бүтээлийнхээ талаар товч ярина уу?

-Төрийн шагналт зохиолч Д.Норовын зохиолоор бүтээсэн “Хөх тавилан” киноны Бадамцэцэгийн дүрд тоглолоо. Энэ кино зураг авалтад гарахаас өмнө миний хайртай эгч өөд болоод, миний 16 жил тэжээсэн нохой маань өнгөрөөд маш хэцүүг туулсан. Бадамцэцэгийн дүр сэтгэлзүйн хувьд хүнд дүр байлаа. Үртэй болохын төлөө эмэгтэй хүнээс өөр хэн ч тийм их зовлон шаналлыг ганцаараа туулж гарч чадахгүй гэдгийг харуулсан дүр. Гол нь би өөрөө ээж болж үзээгүй мөн надад тохиолдсон явдлуудаасаа болсон уу амаргүй байсан.

-Гадна, дотны кинонд оролцоод яваад байна. Одоо хаана амьдарч байна вэ?

-Одоо Монголдоо амьдарч байна. Олон улсын киноны шалгаруулалтад оролцох ажлаар ийш тийшээ их явдаг. Ер нь Монголдоо амьдарна гэж боддог. Ажлын хувьд гэвэл хувь уран бүтээлч буюу жүжигчнээрээ л ажиллаж байгаа.

-Монгол жүжигчин гадаад кинонд сонгогдож тоглоход хэцүү юү?

-Олон улсын зах зээлд монгол жүжигчнийг кинондоо авах нь цөөн шүү дээ. Гэхдээ монгол жүжигчид өвөрмөц харагддаг юм шиг байна лээ. Жишээ нь хоёр жилийн өмнө “Warner Bros”-ийн “Grazy Rich” киноны шалгаруулалтад би оролцсон. Малайзын Куала Лумпурт очиж дахиж шалгаруултад ороход Хятадын жүжигчин бид хоёр үлдсэн. Гэхдээ ямар нэг байдлаар хятад жүжигчин тоглохоо боливол чамайг авна гэсэн. Харин хятад жүжигчин нь тоглохоор боллоо гэхэд гонсойх мэдрэмж тэр үед төрсөн шүү. Эргээд бодоход тоглосон, тоглоогүй ч монгол жүжигчин тэнцсэн нь чухал. Тоглоогүй ч гэсэн маш олон хүнтэй танилцаж харилцаа холбоог үүсгэсэн. Гадаад кинонд тоглоё гэвэл мэдээж гадаад хэл давуу тал болно. Манайд гадаад хэлтэй жүжигчид зөндөө л байдаг. Гэхдээ амжилттай харилцаа нөхөрлөлд суурилдаг учраас ажлын хэрэгцээ байдлаар хүмүүстэй харилцахгүй байх нь чухал. Хүмүүст сайхан сэтгэгдэл үлдээх нь илүү чухал гэж ойлгосон.

-Амьдралынхаа замналаас товчхон танилцуулаач?

-Би 1990 онд Улаанбаатар хотод төрсөн. “Сант” дунд сургуульд суралцаж төгссөн. Сургуульд байхдаа кино найруулагч болохыг мөрөөддөг байлаа. Төгсөөд хувийн сургуульд очоод шалгалт өгсөн чинь аав, ээж хоёр “Тэгвэл чи өөрөө төлбөрөө төлөөрэй” гээд манай гэрээр нэг юм болсон. Математикийн сургуульд 10 жил сурчхаад урлагийн сургуульд орох гэлээ гээд аав ээж дургүйцсэн. (инээв) Тэгээд яалт ч үгүй КТМС-ийг маркетингаар суралцаж төгссөн. Сурч байхдаа Европын холбооны жилийн тэтгэлэг аваад Испанид жил суралцсан. Энэ нэг жил л миний харах өнцгийг өөрчилж тэлсэн. Залуу хүн мөнгөгүй байсан ч дэлхийгээр аялж болдог юм байна, хүн хүсэл зорилгодоо тэмүүлбэл хүрэх боломжтой юм байна гээд маш ихийг ойлгосон. Түүнээс хойш боломж гарвал л мөнгөө цуглуулаад аялдаг, илүү ихийг таньж мэдэхэд улам шунан дурладаг болсон доо. Эргэж ирээд их сургуулиа төгссөнийхөө дараа “Гоёод” жил маркетингийн менежерээр ажилласан.

-Гэтэл гэнэтхэн л мөрөөдөл рүүгээ “нисмээр” санагдсан уу?

-Өөрийнхөө тухай тухтай бодсон л доо. Надад хоёр сонголт байна. Энэ ажлаа амжилттай сайн хийгээд өсч дэвших. Эсвэл бүх зүйлээ хаяад багынхаа мөрөөдөл рүү явах. Ингээд сайн бодоод өөрийгөө харсан чинь би хүүхэдгүй, нөхөргүй, байшингүй, машингүй, ипотекийн зээлгүй байсан. Зээлгүй гэдэг чинь зээлээ төлөх гэж үхэн хатан ажиллах шаардлагагүй, эрх чөлөөтэй нэгэн гэсэн үг. (инээв) Ажлаасаа гараад toffle-ийн шалгалтад бэлдсэн. Аав ээж хоёр намайг ажлаа солих гэж байна гэж л бодсон байх. Гэтэл би “Америк явж жүжигчин болно” гээд хэлчихсэн чинь “энэ хүүхэд галзуурчхаж” гээд лам бөөгөөр хүртэл явсан. Харин лам, бөө нь явбал зүгээр гэж хэлж тайвшруулсан байх л даа. (инээв)

-Залуу хүн мөрөөдөлтэй байхаас гадна түүндээ хүрэх зоригтой байх ёстой юу?

-Тийм шүү. Англи хэлний шалгалтаа амжилттай өгөөд 2014 оны хоёрдугаар сард жүжигчний шалгалт өгөхөөр Америк явж эхний мөрөөдөлдөө хүрсэн.

-Гадаадад ганцаараа очоод хөлөө олтол их л хөгтэй, будлиантай юм болдог. Тэр түүхээсээ хуваалцаач?

-Анх Америкт их сургуулийн бакалаврын 100 хувийн тэтгэлэг авах санаатай шалгалт өгсөн юм. Гэтэл тэнцсэн сургуулиас 40 хувийн тэтгэлэг олгосон. Үлдсэн 60 хувийн төлбөр гэдэг бол маш өндөр шүү дээ. Нөгөө талаас мөрөөдөл маань зулгаагаад болдоггүй их сургуульд сурах бодлоо орхисон. Америкт жүжигчний карьер дипломын боловсрол дээр биш авьяас, ур чадвар дээр тогтдог. Тиймээс би хувийн дасгалжуулагчийн жүжигчний хичээлд явдаг болсон. Манай ангийн хүүхдүүд миний орох гээд байгаа их сургуулийг төгссөн байдаг. Гэтэл би тэнд сурах байдаг гээд ямар ялгаатай юм бэ гээд бодсон. Манай багш жүжигчний ажил бол спорттой адил. Тамирчин хүн олимпид оролцохын тулд өдөр болгон тогтмол дасгал сургуулилалт хийдэг. Жүжигчин хүн ч түүн шиг гэж хэлж байсан. Би Монголд бүх юмаа орхиод мөрөөдлийнхөө төлөө л очсон болохоор бүхнээ л зориулахаас аргагүй. Зөөгч хийгээд олсон мөнгөө жүжигчнийхээ хичээлд зарцуулдаг байлаа. Хажуугаар нь хаана, ямар боломж байна гээд байнга л эрэл хайгуул хийнэ. Мэдээж эхний ээлжинд цалин хөлсгүй л жүжигчний ажил олдвол их юм шүү дээ. Оюутны бүтээлд оролцоно, богино хэмжээний кинонд оролцох гээд зүтгэсэн. Цалингүй ч хамаагүй оролцох л чухал байдаг. Бүх юмыг нь л тэгээс эхэлж байснаа одоо бодоход хөгжилтэй санагддаг.

-Хамгийн анхны дүрийн саналаа хэрхэн хүлээн авсан бэ?

-Хамгийн анхны цалинтай дүр авсан нь их сонирхолтой. Энэ оюутны кино байсан. Сан-Францискогийн урлагийн институтэд очиж шалгуулах байлаа. Яваад очтол танхим дүүрэн хүн суучихсан энд тэндгүй шивээстэй, сонин рок стилтэй нэг профессор сууж байна. Би Монголоос ирсэн гэтэл “Өө би танай Чингис хааныг шүтдэг” гээд л их дуртай хүлээж авсан. Надаас “Чи тулааны урлагаар хичээллэдэг үү?” гэхээр нь өмнө нь хоёр сарын кикбоксын сургалтад явж байсан болохоор “хичээллэдэг ээ” л гэсэн.

Тэгсэн чинь намайг өвдтөл цохиотох гэж байна. Би хамаг чангаараа гараа зангидаж байгаад нөгөө проффесорыг цохичихсон. (инээв) Хоёр хоногийн дараа надад “Тэнцсэн” гэсэн хариу илгээсэн. Тэр хүн маань Никольс Кэйжийн төрсөн ах байсан юм билээ. Тэр кинонд тоглоод 50 доллар авч байсан.

-Жүжигчний карьераа эхлээд хэдхэн жилийн дотор нэлээд амжилттай явж байна. Хэчнээн кинонд тоглоод амжив?

-Тоглосон кино гэвэл нэлээд олон болно. Жинхэнэ бүтээл болсон уу гэвэл бас өөр тоо гарах байх. Одоогоор гадаад, монгол нийлээд 14,15 кинонд тоглосон болов уу.

-Залуу хүн юутай байх ёстой гэж боддог вэ?

-Залуу хүн мөрөөдөлтэй байх ёстой. Тэр мөрөөдөл нь биелэх боломжтой гэдэгт итгэх итгэлтэй байх ёстой. “Би юу хийвэл аз жаргалтай болох вэ?” гэдгээ олж мэдэх нь чухал. Эхлээд эд зүйлс, хөрөнгө мөнгө олж авахыг мөрөөдөх ёстой юм уу, эсвэл эдгээр нь мөрөөдлөө биелүүлсний шагналд ирэх ёстой юм уу гэдгээ ялгаж салгаж харах нь чухал гэж боддог.

-Өөрийнхөө айдсыг давж бэрхшээлийг туулан гарсны дараа цаана нь юу байдаг вэ?

-Болохгүй, бүтэхгүй бол яана аа гэсэн айдас хүн бүхэнд л байдаг. Гэхдээ айдсаа даван гарсны дараа асар их боломж байгаа нь харагддаг. Би их өөдрөг хүн. Зарим хүн эрсдэлээ тооцож байж долоо хэмжиж нэг огтолдог бол огтолчхоод нэг хэмждэг. Айдас гэдэг бол үнэндээ бодол. Бодол гэдэг энерги болно гээд л бодчихвол болно. Болно гээд нэг зүтгэчихсэн байхад буцах замгүй явсаар даваад гарчихна.

-Таныг миссийн тэмцээнд оролцсон үеэс хүмүүс таних болсон. Миссийн тэмцээнд оролцох болсон нь бас өөрийгөө сорих сорилт байв уу?

-Жүжигчин болно гээд Америк яваад үзэж тарж яваад виз дуусаад ирчихсэн байсан. Яаж буцах вэ гээд бодоод явж байсан үе л дээ. Тэр үед Монголын миссийн шалгаруулалт зарлачихсан байсан. Би яг тэр үед боломжоор цангачихсан байсан үе л дээ. (инээв) Японд очиж Мисс интернешнл тэмцээнд эх орноо төлөөлөх боломж олдсон. Эхлээд түрүүлэх, тэмцэх тухай нэг их бодоогүй. Гэтэл хүн цагаа тулахаар байр эзэлмээр санагдаад цаанаасаа буцлаад ирдэг юм билээ. Гэхдээ шалгарч чадаагүй. Тэндээс хамаг хор шараа буцалгаад ирсэн дээ. Энэ тэмцээнээс хойш Монгол Улсаа яаж сайхнаар сурталчлах вэ гэдэг шинэ бодолтой болсон. Олон орны хүмүүс нэг дор цугларч байгаа нь асар том соёлын солилцоо явагдана. Дээрээс нь намайг “Монголия” гэж дуудах учраас надад ирж буй маш том дипломат үүрэг, хариуцлага гэж ойлгосон. Дараа жил нь Хятадад болсон тэмцээнд оролцоод хоёрдугаар байр эзэлсэн. Болох юм болох цагтаа болдог гэж үнэн юм билээ. 2016 онд Дэлхийн миссийн тэмцээнд оролцож байтал Индонезэд болох тэмцээн маань гэнэт Америкт болохоор болсон. Ингээд л миний Америк явах мөрөөдөл маань биелчихдэг юм. Америкт шилдэг 11-т орж, “Авьяас” номинацид түрүүлсэн, долоон сая хүний саналаар “Ард түмний мисс”-т түрүүлсэн гээд маш гайхалтай үйл явдал болсон.

-Дахиад миссийн тэмцээнд оролцох уу?

-Оролцохгүй. Би миссээс “тэтгэвэртээ гарчихсан” байна. (инээв)

-Монгол эмэгтэй хүнд бусад үндэстний бүсгүйчүүдээс онцлог чанар ажиглагддаг уу?

-Монгол бүсгүйчүүдийн хувьд зарим орны эмэгтэйчүүдээс эх үрийн холбоо нь их нандин, маш ойр байдаг юм шиг санагддаг. Би нэг белги найзтайгаа “Ээж” киног үзсэн чинь тэр жинхэнээсээ уурлаад байсан. Манай ээж л лав надад ийм халуун дотно, чин сэтгэлээсээ хандахгүй монгол ээж нар ийм байдаг юм уу гээд бүр ээждээ гомдоод бас гайхаад байсан. Тэгэхээр монголчуудад илүү байдаг, нандин чанар байх.

-Та хэний үг сургаалыг дагаж, үлгэр дуурайллаа авдаг вэ?

-Аав ээж хоёр маань хүн баян ядуу, боловсролтой, боловсролгүй ямар ч байж болно хамгийн гол нь хүн хүнээрээ байх ёстой гэж их хэлдэг. Энэ нь хүнийг ойлгодог, хайрладаг байхыг сургасан хэрэг л дээ. Энэ миний үнэт зүйл болж төлөвшсөн байх. Хүн өөртөө “Би хэн байхыг хүсч байна вэ?”, “Би хэн байх ёстой вэ?” гэж жанжин шугамаа тогтоож байх хэрэгтэй. Зөвхөн зорилгодоо хүрэхийн тулд өөрөөсөө урвах, өөрийнхөө үнэ цэнийг унагаах зэрэг үйлдлүүд бол хүн өөрийнхөө эсрэг хийж болох хамгийн том нүгэл шиг санагддаг. Үүний оронд амжилтгүй үлдэхийг илүүд үзнэ.

-Та хүнээрээ байхын тулд жишээ нь юу хийдэг вэ?

-Аав, ээжийн хэлдгээр хүн дотроосоо цэвэр байх, бохирдоод байгаа бол түүнийгээ гаргах нь чухал гэж үздэг. Сэтгэл дотроо бохирдлоо тээгээд яваад байвал дагтаршаад хүний сэтгэл хатуурч бараантана. Тиймээс хурдан гадагшлуулах хэрэгтэй. Би өглөө болгон өөртөө урам зориг өгөх илтгэлүүдийг сонсож сэтгэлээ хооллодог. Бас бясалгал бол шалгарсан арга. Бясалгал хийхгүй байлаа гэхэд амьсгалын дасгал, биеийн дасгал хийвэл ядаж хөлсөөр муу юмнууд гардаг гэдгийг шинжлэх ухаан нотолчихсон шүү дээ. Хүний сүнс устаж үгүй болохгүй, хоосноос бий болохгүй гэдэгт итгэдэг хүн бий. Хүн болж төрсөн энэ богинохон хугацаагаа маш аз жаргалтай, үр бүтээлтэй л өнгөрүүлэхийг хүсдэг.

-Эмэгтэй хүнийхээ хувьд хөөрхөн, гоё, гэгээлэг байхын тулд юу хийдэг вэ?

-Аз жаргалтай эмэгтэйгээс үзэсгэлэнтэй энерги аяндаа цацардаг. Эмэгтэй хүн аз жаргалтай байхад ямар ч хувцастай, нүүрээ будаагүй ч байсан сайхан л харагдана.

-Та гадаад найз залуутай. Хайрын холбоо одоо хаана хүрч явна?

-Одоо ганцаараа. Миний хувьд заавал гадаад эсвэл монгол залуутай найзална гэсэн юм байхгүй. Хүн бол хүн шүү дээ. Харилцан ойлголцолд хүрч чадахгүй бол салахаас аргагүй. Бие биенийхээ үнэт зүйлийг ойлгож, хүлээн зөвшөөрч чадахгүй бол хосын харилцаа хөндийрнө.

-Эмэгтэй хүн ямар үед ийм сонголтыг хийх болдог вэ?

-Эмэгтэй хүн ажлаа сонгох уу, амьдралаа сонгох уу гэдэг сонголтын өмнө тулна. Би Пауло Коэльогийн “Альхимич” номыг унших дуртай. Тэр номонд “Хэрвээ энэ чиний заяаны хань мөн л бол чиний хүсэл мөрөөдлийг хойш нь татах уяа болохгүй ээ” гэдэг үг маш их таалагддаг. Өнөөдөр ийм хүн таараагүй ч гэсэн би өөдрөг байна. Би хүсэл мөрөөдлийнхөө дагуу явж байхад заавал жанжин шугамаасаа хазайгаад хүчлээд нэг хүний эхнэр байх гээд байвал хэцүү. Зам нийлэхээр аяндаа нэг болдог юм гэж байдаг шүү дээ.

-Удахгүй тавдугаар сард болох “Холливуд Монголия” анхны олон улсын кино фестивалийг хийх болсон санаачилга болоод ач холбогдлын талаар ярина уу?

-Энэ бас л сонин тохиолдол л доо. 2014 онд Лос Анжелист байхдаа театрын жижигхэн номын дэлгүүрт хааяа хааяа мөнгөө цуглуулж байгаад ордог байсан юм. Нэг удаа ороод “Дүр бүтээх увидас “ гэдэг номыг олж уншсан. Энэ номыг монгол хэл рүү орчуулбал үнэхээр гоё ном юм даа гэж бодож байсан. Өнгөрсөн жилийн 11 дүгээр сард орчуулах эрхийг нь авахаар зохиогч руу нь захидал бичсэн юм. Зохиолч нь холливудын А зэрэглэлийн багш, дасгалжуулагч Ивана Чаббак гэдэг хүн. Гэтэл чи наад номоо орчуулаад хэвлэвэл Монголд очоод сургалт хийгээд өгч болно гэсэн хариу ирсэн. Ийм мундаг хүн ирэхээр бол Марка Поло-д хамт тоглож байсан найзуудаасаа ганц хоёрыг нь ч гэсэн урья гээд л энэ ажил маань өөрөө цаашаа өрнөчихсөн. Нэгдүгээр сард бид энэ төслөө Ерөнхийлөгчид танилцуулаад ивээл дор нь зохион байгуулахаар дэмжлэг авсан. Цасан бөмбөг нэг өнхрөхөөрөө улам томроод цаашаа өнхөрдөг шиг л энэ ажил маань “өнхөрч байна”. Холливудын А зэрэглэлийн 16 уран бүтээлч Монголд ирэх гэж байна. Эхний хүмүүс дөрөвдүгээр сарын 29-нд эх оронд маань газардана.

Дэлхийн хэмжээний уран бүтээлчдээс номын дуу сонсох нь чухал. Гэхдээ үүнээсээ илүү улс эх оронд маань эдийн засгийн хийгээд аялал жуулчлалын үр өгөөжтэй байх талаас нь бид хичээж ажиллаж байгаа. Үр дүнгээ ч өгнө гэж итгэж байна. Холливудын кинонуудыг нутагтаа зураг авалтыг хийлгэх зэрэг олон зорилго агуулагдаж байгаа. Бүгдээрээ үр дүнг нь гаргах л үлдлээ.

А.Мөнхжин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Говь-Алтайчууд сар бүрийн эхний өдөр үндэсний хувцсаа өмсөнө 52 мин Оливер Корфф: Үндсэн хууль нь баримтлах ёстой хуулиас илүү гүн утгыг агуулдаг 1 цаг 13 мин ӨМНӨГОВЬ: Хүйтний эрч эрс чангарна 14 цаг 15 мин ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа 19 цаг 30 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав 19 цаг 47 мин С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асуудалтай холбоотой 20 цаг 29 мин Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал 20 цаг 39 мин Номын хураангуй: The Power of the Other Уржигдар 21 цаг 30 мин Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх сургагч багшийн хөтөлбөрт 105 хүн хамрагдаж байна Уржигдар 12 цаг 57 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдад одон, медаль гардуулав 2024-11-22 ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ 2024-11-22 Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав 2024-11-22 ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа 2024-11-22 Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ 2024-11-22 Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ 2024-11-22 Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална 2024-11-22 1968 оны Чехословакийн хавар 2024-11-22 Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ 2024-11-22 Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав 2024-11-22 В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн 2024-11-22
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй
Top