"Ардчилсан залуучуудын холбоо"-ны ерөнхийлөгч С.Эрдэнэболдоос зарим асуудлаар тодруулга авлаа.
-Туулын бургасыг хядсан асуудал олон нийтийн анхаарлыг татаад байна. Та газар дээр нь очиж танилцсан гэсэн. Тэнд байдал ямар байна вэ?
-Урт нэртэй хуульд гол мөрний сав газартай холбоотой зааг ялгааг тодорхой зааж өгсөн байгаа. Гэтэл Туул голын сав газарт 2005 онд хууль зөрчиж газар олгосон байна. Үүнээс үүдэн усны эх ундарга, сав газрыг үгүй хийж байна. Үүнийг эрс эсэргүүцэж байна. Олон мянган бургас устсан байна. Голын гольдрол өөрчлөгдсөн, ширгэх нөхцөл байдал үүсчихлээ. Бид энд зөвхөн нэг газрын асуудал яриагүй. Бүх асуудлыг цогцоор нь шийдэх ёстой гэсэн зарчим барьж байна. Хүний буруутай үйл ажиллагаанаас хамааран экологид учирч байгаа энэ сүйрлийг засч зохицуулах нөхөн сэргээх шаардлагатай боллоо.
-“Зүүнбаян рефайнери” компанийн талаар ярьж байна. Барилгын ажил нь саяхныг хүртэл явагдаж байна уу?
-Тийм ээ. Бид хоёр удаа очсон. Газрын эрх нь 2005 онд олгогдсон байна. Түүний дараа 2013 онд цуцлагдсан байдаг. 2014 онд дахин сэргээгдэж, зургаан га газарт үйл ажиллагаа явуулж байна. Анх аялал жуулчлалын зорилгоор “Их тэнгэр” цогцолбор байгуулахаар зөвшөөрөл авсан байна. Гэтэл одоо 50 айлын тансаг зэрэглэлийн хаус барьж байна. Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын дарга Э.Анар гэдэг хүн Ерөнхий төлөвлөгөөг нь баталж, БОАЖЯ-ны Намхай гэдэг газрын дарга зөвшөөрөл өгсөн байдаг. Түүнчлэн Р.Барсболд, Г.Шийлэгдамба нарыг сайд байх үед энэ асуудал шийдэгдсэн байна. Одоо барилгын ажил явагдаж байна. Барилгуудаа гурван давхар хүртэл барьсан байна. Бидний зүгээс зөвхөн энэ асуудал биш ер нь өнгөрсөн хугацаанд Туул гол дээр ямар ямар газар олгосон гэдэг жагсаалт гаргаж ямар байдлаар энэ газрыг авсан гэдгийг судалж байна. Улаанбаатараас 200 гаруй км-ийн зайд байгаа Туул голын ай сав газарт алтны уурхайнууд газрыг нь сэндийчээд нөхөн сэргээлт хийгээгүй асуудал ч байна.
-Та бүхний зүгээс компанид ямар шаардлага тавьж байгаа вэ?
-Хуулийн хариуцлагаа хүлээ, тэгээд нөхөн сэргээлтээ хий гэсэн шаардлага тавина. Одоогийн хэн нэгэн даргыг унагаагаад шийдэх асуудал биш. “Зүүнбаян рефайнери” компани гэхэд хариуцлага ярихаар 16 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн гэж байна. Анхнаасаа болохгүй хууль бус гээд байхад барьсан байна. Одоо бид барилгаа буулгах, хариуцлага ярихаас гадна нөхөн сэргээлтийн асуудлыг орхиж болохгүй. Тэнд баригдсан байшингуудыг буруутай этгээдүүдийн зардлаар буулгах шаардлагатай. “Зүүнбаян рефайнери” компанийн 5.6 га-д гэхэд 14 мянган бургас устгагдсан байна.
-Тусгай зөвшөөрлийг цуцлах асуудал яригдаж байгаад л асуудал замхардаг. Энэ асуудал шийдэгдэнэ гэсэн итгэл үнэмшил хэр байна вэ?
-Энэ асуудлыг шийдэхийн төлөө бид дуу хоолойгоо нэгтгэх шаардлагатай байна. Шаардлагатай тохиолдолд хатуу байр суурь илэрхийлнэ.
"Зууны мэдээ" сонин