- ШХАБ-д гишүүнээр элсвэл барууны орнуудад тэтгэлгээр суралцах эрх хаагдах жишээтэй -
БНХАУ-д Монгол Улсыг төлөөлөн Элчин сайдаар ажиллаж байсан Ц.Сүхбаатараас ШХАБ-ын талаар байр суурийг нь тодрууллаа.
- БНХАУ-д Элчин сайдаар сууж байсан хүний хувьд ШХАБ-д элсэн орох асуудлын талаар байр сууриа илэрхийлнэ үү? Таныг ажиллаж байх үед манай улсыг ШХАБ-д элсүүлэх ямар нэг шахалт ирж байв уу?
- ШХАБ бол бүсийн байгууллага. Энэ байгууллагыг Монгол Улс эсэргүүцдэггүй, бас дэмждэггүй. Өнөө хэр ажиглагчийн статустай явсаар ирсэн. Цаашид ч энэ статусаар явах нь зөв. Монгол Улс 1990 оноос өмнө хил хязгаар, засаг захиргаа, соёл, боловсролын системтэй тусгаар улс байсан ч бие даасан, хараат бус байж чаддаггүй байсан. Манай дотоод, гадаадын бүх асуудал, томилгоонд оросууд оролцдог байв. Ингээд 1990 оны ардчиллаар бие даасан бүрэн улс болсон нь бидний хамгийн том ололт. Мэдээж, манай бие даасан байдлыг багасгах сонирхол хоёр хөршид бий. Тиймээс хоёр хөршийн нөлөөнд орохгүйн тулд бид гуравдагч хөршийн бодлогыг баримтлах нь зүйтэй. Ялангуяа, барууны өндөр хөгжилтэй орнуудтай хөршийн холбоотой байсан цагт бие даасан байдлаа хадгалах боломжтой болно.
Хамгийн ойрын жишээ гэвэл, гуравдагч хөршийн бодлого барьснаар барууны өндөр хөгжилтэй орны их, дээд сургуульд манай улсын олон мянган хүн суралцаж байна. Хэрэв ШХАБ-д элсэх, аливаа олон улсын байгууллагад нэгдэн орвол Монгол Улс тэдний өмнө тодорхой үүрэг хүлээж, дангаар шийдвэр гаргах боломж хумигдана гэсэн үг. Тиймээс АН ямар ч тохиолдолд ШХАБ-д гишүүнээр орохыг эсэргүүцсэн байр суурьтай байгаа.
- ШХАБ-д элсэхгүй, зөвхөн ажиглагчийн байр сууриа хадгалсаар байвал яах вэ?
- Одооноос л үр дүн нь мэдрэгдээд эхэлсэн байгаа. Хэрэв барууны орнуудтай сайн харилцаагаа хөгжүүлэх хүсэлтэй байтал ОХУ барууны орнуудтай муудалцсан, хориг арга хэмжээнд орсон байвал яах вэ. Тухайлбал, зүүн Европоос бараа, бүтээгдэхүүн оруулж ирэхэд бидэнд хүндрэлтэй болж эхэлсэн байгаа. Учир нь оросууд хаалт хийгээд эхэлж. Гэтэл ОХУ-аар дамжиж зүүн Европтой худалдаа наймаа хийдэг ганц гарц хаагдаад эхэлнэ гэсэн үг. Энэ мэт ШХАБ-д элсвэл бүр их хавчлаганд орно. Тиймээс л зарчмын хувьд ШХАБ-д элсч болохгүй гээд байгаа юм.
-Таныг Элчин сайдаар ажиллаж байхад БНХАУ-ын талаас ШХАБ-д элсэх шахалт хэр их ирж байв?
- Хоёр хөршийн зүгээс Монгол Улсыг ШХАБ-д гишүүнээр элсүүлэх сонирхол байдаг нь үнэн. Гэхдээ үүнийгээ шууд хэлэхгүй ч тойруу замаар илэрхийлдэг. Ингэхдээ “Та нар орчихвол яасан юм. Эргэн тойрон бүх орон орсон байна” гэдэг. Харин манай зүгээс “Ажиглагчийн хувьд идэвхтэй хамтран ажиллахад бэлэн байна.Түүнээс цааш явж чадахгүй гэдэг” байр суурин дээрээ байсан, цаашид ч байх ёстой. Бидэнд одоогийн ажиглагчийн байр суурь байхад л хангалттай. Түүнээс биш заавал бусад орны удирдлагын өмнө нэр хүнд олж, тэдэнтэй ойртохыг санаархах шаардлага байхгүй.
- Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар БНХАУ-д албан айлчлал хийж буй. Энэ хүрээнд ШХАБ-д элсэх талаар ярьж байгаа гэсэн мэдээлэл байна?
- Үнэн бол алсын хараагүй алхам гэж үзнэ. Мэдээж эрх баригчид өнөөдөр асуудлыг шийдэх ч гэлээ үр дүнг нь хойч үе маань хүртэнэ гэдгийг бодох ёстой. АН-ын хувьд, Монгол Улсыг барууны өндөр хөгжилтэй орнууд шиг амьдрал нь баталгаатай, айх аюулгүй, улс төрийн нөлөөллөөс ангид амьдардаг чөлөөт орон болгохыг хүсэж байгаа. Үүний тулд барууны орнуудтай аль болох ойр байх хэрэгтэй. Түрүүнд хэлсэнчлэн барууны орнуудад жил бүр манай улсын оюутан залуус тэтгэлгээр боловсрол эзэмшиж байна. Мөн АНУ-д H2 визээр ажиллах хүч татаж байна. Энэ бүхэн ардчилсан, бие даасан бодлоготой орныг барууны орнууд хүлээн зөвшөөрч, дэмжиж буйн нэг хэлбэр. Гэтэл ШХАБ-д элсчихвэл энэ бүх боломж хумигдаж, хэтдээ хаагдана. Ирээдүй болсон залуу үед маш хүнд тусах шийдвэр.
- ШХАБ-д элссэний дараа дүрэм, журмаа танилцуулдаг гэсэн. Энэ үнэн үү?
- ШХАБ-ын гишүүн болсноор маш олон гэрээ хэлэлцээр байгуулдаг. Яах вэ гишүүн болсон улсад дүрэм, журмаа нарийн танилцуулна гэдэг юм билээ. Ер нь ШХАБ-ын ил байгаа бичиг баримт, одоо явуулж байгаа бодлогыг харахад ямар байгууллага вэ гэдэг нь тун ойлгомжтой харагдана. ШХАБ нь улс төрийн агуулга, сонирхлоор нэгдсэн улсуудын холбоо юм. Тиймээс уг байгууллагын сонирхол байж болох ч манай улсын хувьд бүс нутгийн эдийн засаг, соёлын хамтын ажиллагаанд оролцохоос цааш хэтрээд хэрэггүй. Үүнээс цааш давсан улс төрийн үйл ажиллагаанд оролцохгүй гэсэн л байр сууриа хадгалах ёстой гэсэн санаа.
- Манай улсын гуравдагч хөршийн харилцаа холбоо хэр байна вэ. Цаашид яаж өргөжүүлэх боломжууд байна гэж харж байгаа вэ?
- Гуравдагч хөршийн бодлого Монгол Улсыг бусад улсаас ялгаруулж харагдуулж буй ганц зүйл нь. Хоёр хөршөөс гадна гуравдагч хөршийн бодлого барьдаг улс гэдэг утгаараа бусад орнууд манайхтай хамтарч ажиллах хүсэл сонирхолтой байна. Энэ ойлголт гадаад улс оронд тогтсон. Гэтэл үүнийг хумьсан алхам хийж, гаднын хөрөнгө оруулагчдыг хөөж, зөвхөн хоёр хөршийн хөрөнгө оруулалтыг оруулна гэвэл энэ бодлого үгүй болно. Ингээд хоёр том гүрний нөлөөнд орно. Энэ хоёр улс мөнхийн сайхан ааштай байх уу, цаашид ямар асуудал үүсэх вэ, хэнийх нь нөлөөнд орох уу гэх мэт үл мэдэгдэх нөхцөл байдал үүснэ. Ийм тодорхойгүй байдлаас аль болох ангид байх ёстой. Хамгийн гол нь, хоёр хөрш муудалцахад бид алинтай ч нь нийлэхгүй, гуравдагч хөрштэй сайн байна гэсэн тодорхой чиг барих нь зүйтэй.
- УИХ-ын баталсан хуулиуд ардчиллаас ухарлаа. Яг ийм хүч түрсэн байдлаар ШХАБ-ын асуудал шийдэгдчих вий гэсэн болгоомжлол байна?
- Бид өнөөдөр том сонголтын өмнө байна. Өнөөдрийг хүртэл явж ирсэн ардчилсан замаараа явах уу, эсвэл дарангуйлал руу орох уу гэдэг. Манайд улс орны нөлөөгөөр нэг хүний дарангуйлал явах эрсдэл үүсээд байгааг бид ардчилалд аюул учирлаа гэж харж байгаа. Энэ бол бодит аюул. ШХАБ-ын орнуудын эгнээнд оруулахыг шахах, шүүхийн бие даасан, хараат байдалд нөлөөлж ардчиллын багана, тулгуурыг нэг нэгээр нь унагааж байна. Тиймээс өнгөрсөн 30 жилийн хугацаанд бидний зорьсон, биелсэн зорилтуудаа дүгнэж, цаашид ямар замаар явах вэ гэдгээ тодорхойлох сонголтын өмнө ирлээ. Хэрэв ардчиллын замаар явахаар бол ардчиллаа шинэ шатанд гаргах ёстой.
Б.Бямбасүрэн