x

Б.Баярсайхан: Миний ажлаасаа авдаг кайфыг өөр ямар ч мэргэжлээс олохгүй

Сонгдо эмнэлгийн ерөнхий болон дурангийн мэс заслын эмч Б.Баярсайхантайтай ярилцлаа.

-Та хэдэн жил мэс засалч эмч хийж байна вэ?

-1995 онд Анагаах ухааны их сургуулийг төгсөөд Шастины нэрэмжит нэгдсэн гуравдугаар эмнэлэгт гурван жил ажилласан. Дараа нь 1998 онд буяны “Энэрэл“ эмнэлгээ Б.Болдсайхан багштайгаа болон Ш.Зоригоо М.Мөнхжаргал хоёр найзтайгаа байгуулан ажиллуулж байлаа. Тэндээ дөрвөн жил ажиллаад буцаж гуравдугаар эмнэлэгтээ очсон. Одоо Сонгдо эмнэлэгт ажиллаж байна. Нийтдээ 24 жил мэс засалчаар ажилласан байна.

-Та дурангийн мэс ажилбараар мэргэшсэн. Дурангийн мэс засал манайд дэвшил авчирсан байх тийм үү?

-Тайваньд дурангийн мэс засалчаар мэргэшсэн. Цээжний хөндий, хэвлийн дурангийн мэс ажилбар гэхээр бүхий л дотоод эрхтний эмгэгийн хагалгааг хийнэ гэсэн үг. Уушги, хэвлийн хөндий, бамбай, эмэгтэйчүүд, хөх гээд нарийн мэс ажилбаруудыг хийж байна. Дурангийн мэс засал гэдэг ер нь гайхамшиг. Өвчтөндөө аюул, зовиур багатай мэс заслын арга хэрэгсэл. Өмнө нь бүхий л хагалгаанд цээжний хөндий, хэвлийг нээдэг байсан.

-Мэс заслын эмч болсон түүхээсээ хуваалцаач?

Бүр найман настайгаасаа л мэс заслын эмч болъё гэж мөрөөдсөн. Миний аав найман настай байхад минь ходоодны хорт хавдраар өөд болсон. Тэр үеэс л эхлэн мэс заслын эмч болохоор шийдээд арван жил онц сурлаа. Төгсөөд анагаахад шалгалт өгөөд уналаа. Тэгэхээр нь гүйж очоод сувилагчийн сургуульд орлоо, 45 хоногийн дараа цэрэгт хөөгдлөө. Цэрэгт хоёр жил болоод ирээд анагаахад конкурс өгөөд тэнцсэн. Оюутан болоод Б.Болдсайхан багштайгаа танилцаж байлаа.

-Анхны мэс заслыг хийхдээ айж бэргэсэн үү?

-Хамгийн анхныхаа хагалгааг анагаахын гуравдугаар курсын оюутан байхдаа Баянхонгор аймагт хийж байлаа. Тэнд бид дадлага хийж байсан юм. Бид хэд багшийн удирдлага дор хоёрдугаар дамжаанаасаа эхлэн нохойд хагалгаа хийх дадлага хийдэг байсан учир айгаагүй шүү. Хэдүүлээ номоо уншиж байгаад л нохойд олгой, цөсний хагалгаа хийнэ. Бараг 70,80 нохойд хагалгаа хийсэн байх шүү. (инээв) Нохойгоо өөрсдөө унтуулна. Ээлж ээлжээр л нохойдоо мэс ажилбар хийнэ шүү дээ. Бид гурав дээр дөрвөн сувилагч эмэгтэй нэмэгдчихнэ. Тэр дөрөв сувилагчаа хийнэ.

-Хагалгаа хийсэн нохойнуудаа дараа нь яадаг байсан бэ?

-Анагаахын их сургууль бивар гэдэг газартай. Түүндээ нохойгоо “хэвтүүлэн эмчилнэ”. (инээв) Хагалгааны дараа аваачиж арчилна эдгэрэлтийг нь бас хянана. Шарх сорвийг нь эдгэхээр гудамжинд тавина. Тухайн үед нохойд туршилтын хагалгаа хийхийг зөвшөөрдөг байлаа. Нохой өвдөлтөд их мэдрэг амьтан юм гэнэ лээ. Тиймээс амьтны эрх талаасаа хорьсон. Харин одоо бол дэлхий нийтээрээ гахай дээр туршилт хийхийг зөвшөөрч байгаа.

-Манай анагаахын оюутнууд гахайд туршилтын хагалгааг хийж байгаа юм уу?

-Ямар амьтанд туршилтын хагалгаа хийж байгааг мэдэхгүй байна. Миний шавь нараас зарим нь гадаадад ажиллаж, амьдарч байгаа. Солонгост ажиллаж амьдарч байгаа шавь маань их сургуулиудын дэргэд туршилтын төвүүд байдаг. Тэр төвүүдэд гахайд мэс заслаа хийж байна гэж байсан.

-Хүнд өвчтөнийхөө амь насыг аварч чадаагүй алдах мөч л хамгийн хэцүү. Энэ хүнд хэцүү үеийг та хэрхэн даван туулдаг вэ?

-Мэс заслын эмчийн хамгийн хэцүү зүйл тэр шүү дээ. Хагалгааны дараах хүндрэлээр өвчтөн маань бурхан болох хамгийн хэцүү. Өвчтөний ар гэрээс дутахгүй шаналдаг. Бараг л зүв зүгээр байсан хүнийг өөрөө санаатайгаар алчихсан шиг л мэдрэмж төрдөг. Мэдээж хэрэг өвчин дийлдэхгүй, хүн өмнө нь хүчин мөхөстсөнийг мэдэж байгаа ч өөрийн эрхгүй тийм мэдрэмж төрдөг. Тэгээд яахав ажил л юм болохоор дахин хагалгаанд орно. Тэр хагалгаагаар өвчтөн маань босоод ирвэл баярлаад сэтгэл сэргээд ирдэг юм. Хүн л юм чинь сэтгэлээрээ л босно. Босох л учиртай. Ажилдаа л зүрх сэтгэлээ зориулна. Аажим аажмаар хүнд асуудал мартагдана даа. Гэхдээ алдсанаас оносон нь хамаагүй олон нь сайхан юм даа.

-Ажлаасаа ямар үед таашаал авдаг вэ?

-Хагалгаа хийлгэхээр ирж буй өвчтөн бол мэдээж үхлээс аврагдах гэж найдаж буй хүнд, хүндэвтэр шатны л хүмүүс байна. Тийм байсан хүн маань эрүүл болоод “Баярлалаа эмчээ” гээд хэлэх мэдрэмж хамгийн агуу. Хэд хоногоос хэдэн сар жилээр эмчлэгдэх өвчин ч байна. Аль нь ч байсан хүнд байсан өвчтөн илааршаад эмнэлгээс гарах шиг тийм кайф байхгүй. Миний мэргэжлээсээ авдаг кайфыг өөр ямар ч мэргэжлээс олохгүй.

-Хамгийн урт үргэлжилсэн хагалгааныхаа тухай яривал...?

-Нойр булчирхайг нь аваад элгийг нь тайрах 17 цаг үргэлжилсэн хагалгаа болж байлаа. Н.Даваадорж эмчтэйгээ хамт хийсэн нойр булчирхайн энэ хагалгаанд өглөө ороод шөнийн 03 цаг гарч ирж байсан. Мэс заслын ширээний ард удаан зогсоход өлсөх мэдрэмж аяндаа алга болчихдог. Энэ хагалгааг хийж байх тэр үед одоогийнх шиг цэвэр ус ч гэж байгаагүй байх. Крантнаас хоёр аяга хүйтэн ус уучихаад л 17 цаг зогссон байдаг юм. Сонин юм шүү, жижиг сажиг ханиад хүрсэн байхад хагалгааны үеэр хамраас нус ч гарахаа больчихдог юм билээ. Асар их төвлөрөл явагддаг байх.

-Та ер нь нийтдээ хэд орчим хагалгаа хийсэн бол?

-Улсын эмнэлэгт байхад өдөрт арваад хагалгаанд орох үе зөндөө байсан. Хувийн эмнэлэгт харьцангуй ажлын ачаалал бага байна. Жилийн эцсээр төдөн хагалгаа хийгдлээ гээд статистик гардаг. Тэрийг хараад л баримжаалдаг болохоос өөрөө тоолоод байдаггүй. Миний хувьд гэвэл 10 мянган орчим болсон байхаа. Саяхан ургийн баярынхаа уулзалтад очлоо. Тэгсэн хамаатан саднуудын дотор гэхэд л надаар хагалгаа хийлгэсэн хүн өчнөөн байх юм билээ.

-Б.Болдсайхан эмч таны багш. Та багшаасаа юуг нь сурч өөртөө суулгасан бэ?

-Бундангийн Болдсайхан эмч надад мэс заслын А үсгийг заасан хүн шүү дээ. Багшийн гол чанар нь хагалгааны үед маш тайван байдаг. Багшийнхаа тэрхүү тайван байдлыг сурсан. Ер нь багшаасаа бүгдийг сурсан даа. Ямар ч үед багш бүх зүйл дуустал маш тогтуун байж чаддаг. Гайхалтай.

-Мэргэжилтэн бүхэнд өөрийн гэсэн баримталдаг зарчим байдаг. Таны хувьд?

-Мэс заслын эмч өвчтөнөө хайрлах нинжин сэтгэлтэй, бусдын төлөө л байх хэрэгтэй. Миний насан туршдаа барьдаг зарчим бол хүний төлөө л байх ёстой.

-Таны хагалгааны явцыг харж байсан. Та яаж тийм хөгжилтэй, тайван бас юу ч болоогүй юм шиг дуу аялчихсан явж чаддаг юм бэ?

-Энгийн үед дуулъя гэхээр би дууны үг мэддэггүй хүн юм билээ. Саяхан миний нэг шавь “Баяраа эмчээ та яагаад хагалгаанд орохдоо юу ч болоогүй юм шиг дуу аялаад байдаг юм бэ?” гэсэн. Хүн зан төлөвтэй л холбоотой байх. Ямар ч байсан ажлаа тайван эхлэхийг хичээдэг. Мөн миний баримталдаг бас нэг зарчим нь хагалгааны багийнхнаа аль болох хямраахгүй байх. Хагалгааны өрөөнд би уурлаад та нар ингэсэнгүй, тэгсэнгүй гэж ирээд хашгичаад байвал багийн уур амьсгал ямар болох вэ? Би угаасаа нээлттэй хүн. Сувилагч нар ч надтай хагалгаанд орох дуртай байдаг. Хагалгаа дуустал хоёр, гурван цаг загнуулаад гарч ирэх, амар тайван ажлаа хийгээд гарч ирэх хоёр маш өөр зүйл шүү дээ.

-Та бидний хамгийн их айдаг зүйлсээс айхгүй. Танд айдаг юм байдаг уу?

-Нээрээ би юунаас айдаг юм болоо?. Амьтан гэвэл могойноос айдаг юм байна. Би үхлээс ч айхгүй.

-Үхлээс айхгүй байх шалтгаан нь юу вэ?

-Насаараа л үхэл, амьдралтай холбоотой ажил хийлээ. Хэзээ нэгэн цагт би үхэх нь тодорхой. Үхэтлээ л амьд явах хэрэгтэй. Миний хувьд маргааш үхэх боллоо гэхэд бэлэн. Хэзээ ч үхэхэд харамсахааргүй сайхан амьдарч яваа хүн гэж өөрийгөө боддог.

-Та өдөр бүрээ яаж ийм хөгжилтэй, аз жаргалтай болгодог юм бэ?

-Миний байж байгаа нь л энэ. Би стресттдэггүй хүн. Хоёрын хооронд юманд уурлаж бухимддаггүй. Хагалгааны үед бол мэдээж хариуцлагатай байх ёстой. Анхаарал төвлөрөлт дээд зэрэг байж тухайн өвчтөний амь нас яригдана. Өөртөө байгаа эрдэм мэдлэг, ур чадвараа бүгдийг нь зориулж ажиллах ёстой. Харин хагалгааны дараа амьдралд алтан дундаж байхыг хичээдэг. Би ганцаараа мундаг байх ёстой, би ганцаараа баян байх ёстой гэдэг энэ үзэл хэнд хэрэгтэй юм бэ? Энэ чинь л хүнийг стресдүүлдэг зүйл. Би мундаг нэгэн биш. Би зүгээр л ажлаа хийгээд явж байгаа жирийн нэгэн эмч хүн. Хийдэг ажлаасаа кайф авна гэдэг сайхан. Ямар ч хүнд хагалгаа байсан инээд алдаад л орно. Би бол амьдралаас кайф авч чаддаг. Бас би аз жаргалтай амьдарч байгаа нэгэн. Миний эргэн тойронд байгаа бүх л хүн аз жаргалтай байх ёстой. Би л ганцаараа жаргаад бусад нь зовоод байж болохгүй биз дээ. Ер нь хүмүүсийг аз жаргалтай байлгая л гэж боддог. Надтай ойр байдаг хүмүүс аз жаргалтай байдаг шүү.

-Эмч нар зөвхөн өөрт оногдсон ажлаа хийж өөрийнх нь ажил үүрэгт хамааралгүй зүйл дээр хариулт өгөх ч дургүй байдалтай олон тулгарч явснаа нуугаад яахав. Харин таны өрөөнд шал өөр байдал өрнөх юм. Та яагаад асуусан болгонд хариулж, зааж зөвлөж, залгасан болгонд туслахыг хичээдэг юм бэ?

-Эмч хүн дээр зовсон, шаналсан хүмүүс л ирнэ шүү дээ. Ийм хүмүүсийн өөдөөс хүйтэн царайлаад суугаад байж болох уу? Би мэргэжилдээ үнэхээр хайртай. Энэ л хүмүүстэй нээлттэй харилцахад нөлөөлдөг байх. Мэргэжилдээ дуртай хүн бусдад туслахдаа дуртай байдаг.

-Таны хийж байсан хагалгаануудаас одоо хийгдэхээ больсон нь байгаа юу?

-Байна. Ясны үрэвсэл буюу остомлит гэх өвчний хагалгаа хийгдэхээ больсон. Эм тариа сайжирсантай холбоотойгоор энэ өвчин даамжрахаа больсон. Мөн элэгний болон уушгины хэвлийн бэтгэ гээд их ирдэг байлаа. Бэтгэний хагалгаа хийгдэхгүй байна. Бэтгэ бол нохойноос хүнд дамждаг өвчин шүү дээ. Эмний ахуй хангамж сайжирсантай холбогдуулан эрт эмчлэгдэж байна.

-Таны хүүхдүүдээс эмч мэргэжилтэй болж байна уу?

-Миний охин уушгины буюу дотрын эмч болсон байна. Хүү маань 12 дугаар ангиа төгсөх гэж байгаа. Хүүгээ битгий мэс засалч болоорой гэдэг байсан. Ашгүй эмч болохгүй гэж байна лээ.

-Яагаад хүүгээ мэс засалч битгий болоосой гэж хүссэн юм бэ?

-Хувиа л хичээж байгаа хэрэг байхгүй юу. (инээв) Охиноо сонголт яахав байж болно. Оношлогоо, эм тариа нь сайжирсан бас учиртай. Хүүгийн тухайд гэвэл би тэтгэвэрт гарна. Хүү маань мэс засалч болчихвол нэг ч өдөр тайван байж чадахгүй, нойргүй хононо биз дээ. Мэс засалч хүний жаргал зовлонг арьс махаараа мэдэрсэн хүн чинь “За нөгөөх маань яаж байгаа бол, яасан бол” гээд хүүгийнхээ өмнөөс санаа зовж дуусна. Түүний оронд би хийдгээ хийчихсэн хүн гээд гэртээ жаргамаар байна шүү дээ. (инээв)

-Амарч байхдаа юу хийх дуртай вэ?

-Эр хүн юу ч хийж болно биз дээ. (инээв) Хөл бөмбөг тоглоно, найз нартайгаа уулзана. Гэртээ харьж үр хүүхдүүдээ эрхлүүлнэ. Би гурван хүүхэдтэй, хоёр зээтэй, нэг эхнэртэй хүн л дээ. (инээв)

-Дээхнэ үед сайн эмч нартаа архи өгсөөр “сүйтгэчихдэг” цаг үе байлаа. Та үүнд баярладаг уу?

-Архи бол соёлтой хэрэглээ. Өдий 50 нас хүрчихээд найз нөхөдтэйгөө уулзаад ганц “халбага” пиво ууж болно. Гэхдээ би Болдсайхан багшийнхаа дэргэд нэг ч хундага архи ууж үзээгүй хүн.

-Хүн архинаас өөрийгөө хойш татахад юу нөлөөлдөг юм бол?

-Ерөөсөө хүмүүжил л хойш нь татаж чадна. Ажил дээрээ бид архи ууж үзээгүй. Амьдралдаа нэг хундага архи уучихаад хагалгаанд орж үзээгүй. Биднийг дөнгөж сургууль төгсөөд ирж байхад хүмүүс баярласнаа илэрхийлж байна гээд архи өгнө. Өгсөн архийг нь буцаагаад зарчихдаг байсан. (инээв) Тийм цаг үе байсан нь үнэн. Сүүлийн үеийн залуучууд маш ухамсартай болж байгаа учраас одоо ийм үзэгдэл байхаа больсон. Залуус бидний залуу байсан үеэс мундаг болж төлөвшиж байна.

-Таны мөрөөдөл юу вэ?

-Гадаадад дурангаар мэс засал хийж байхыг хараад дурангаар мэс засал хийхийг мөрөөдөж байсан. Биелчихсэн. Гэтэл дэлхий одоо роботоор мэс засал хийлгэж байна. Тиймээс роботоор мэс засал хийж үзчихээд л тэтгэвэртээ гарчихмаар байна.

А.Мөнхжин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Говь-Алтайчууд сар бүрийн эхний өдөр үндэсний хувцсаа өмсөнө 34 мин Оливер Корфф: Үндсэн хууль нь баримтлах ёстой хуулиас илүү гүн утгыг агуулдаг 55 мин ӨМНӨГОВЬ: Хүйтний эрч эрс чангарна 13 цаг 57 мин ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа 19 цаг 12 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав 19 цаг 29 мин С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асуудалтай холбоотой 20 цаг 11 мин Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал 20 цаг 21 мин Номын хураангуй: The Power of the Other Уржигдар 21 цаг 30 мин Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх сургагч багшийн хөтөлбөрт 105 хүн хамрагдаж байна Уржигдар 12 цаг 57 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдад одон, медаль гардуулав 2024-11-22 ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ 2024-11-22 Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав 2024-11-22 ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа 2024-11-22 Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ 2024-11-22 Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ 2024-11-22 Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална 2024-11-22 1968 оны Чехословакийн хавар 2024-11-22 Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ 2024-11-22 Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав 2024-11-22 В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн 2024-11-22
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй
Top